С.Амарсайхан: Фитнесс, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр:
-АНУ-ын Нью -Йорк хотод 52312 иргэн вирусаар өвчилж, 728 иргэн нас барсан байна. Италийн Мелан хотод 39412 иргэн вирусын халдвар авч 5944 иргэн нас баржээ. БНСУ -ын Тэгү хотод 6442 иргэн халдвар авч, 92 иргэн нас барсан. ОХУ-ын Москва хотод 1014 иргэн халдвар авч 6 иргэн нас бараад байна. Шаардлагатай арга хэмжээ авч байгаа ч зарим хотод халдвар буурахгүй байгаа. Харин манай улсын тухайд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нийслэлд зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хаасан. Үүнтэй холбоотой иргэд хорио цээрийн дэглэмээ зогсоож, үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэсэн санал хүсэлт тавьж байна. Бид илүү анхааралтай байж эрүүл мэндийн заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй.
Коронавирусээс үүдэн хөл хориог сунгах талаар нийслэлийн Засаг даргын захирамж, тогтоомжийн дагуу ажиллаж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмж зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгөх бүртгэл хяналт хийхээр нийслэлийн 8000 гаруй цагдаагийн албан хаагч, 2445 олон нийтийн цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, 3824 эргүүлийн ажилтан нэмэгдэж ажиллаж байна. Цахим тоглоомын газар 2044, амралтын газар 240, үзвэр үйлчилгээний 361 газар , бие тамир, спортын газар 365, жолооны курс 299 , хүүхдийн тоглоомын талбай 102 нийтдээ 15454 байгууллагад зөвлөмж зөвлөгөө өгч, ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын 345 захирамжийн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн газар, нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран гэр оронгүй гадуур амьдардаг иргэдэд эрсдлээс хамгаалах үүднээс 382 иргэнийг анхаарал халамж, хараа хяналтандаа авч, үүнээс 144 иргэнийг гэр оронд нь буцаасан. Үлдсэн иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлгаж, өвчин эндэгдлээс хамгаалж байна. Олон нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг фитнесс, соёл урлагийн арга хэмжээ явуулдаг газруудыг нээх талаар хэлэлцэж, дөрөвдүгэээр сарын 30-ны өдрийг хүртэл нээхгүй байхаар шийдвэрлэлээ хэмээн мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Уулын амуудын амралтын газруудыг нээх боломжтой юу?
-Ууланд алхах, гарах асуудал бол аюулгүй байдлаа хангасан зөвхөн гэр бүлийн хүрээнд бол боломжтой. Гэхдээ олноор цугларахгүй байх хэрэгтэй. Хавар болж байгаа болохоор гол уснаас хол байх хэрэгтэй.
-Хүмүүс олноор гадаа цугларч байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бусад газруудыг хаах уу?
-Эцэг эхчүүд анхаарч ажиллах хэрэгтэй .Хариуцлагатай баймаар байна. Цэцэрлэгт хүрээлэнд олноор цугларах боломжийг бүрдүүлэхгүй.
-Тодорхой газруудыг нээнэ гэсэн. Ямар газруудыг нээх вэ?
-Одоо нээх боломжгүй болсон.
-0-12 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэрээс ажиллах, цалинтай чөлөө олгох арга хэмжээг үргэлжлүүлэх үү?
- Дөрөвдүгээр сарын 30ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ