Тэмцээний хуваарийг энэ долоо хоногт хэлэлцэнэ
3-31

 

"Токио-2020" зуны олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулагдах тов гарсантай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) ерөнхийлөгч Ненад Лалович гуравдугаар сарын 30-нд Монголын чөлөөт бөхийн холбоонд албан захидал ирүүлжээ.

 

Тэрбээр захидалдаа холбоодын Ерөнхийлөгч, тамирчид, хамтран зүтгэгчдэдээ хандан хүн бүрийг гэр бүлийн хамт гэртээ эрүүл энх, аюулгүй байна гэж найдаж буйгаа илэрхийлэн гишүүн холбоодын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, удирдах зөвлөлийн гишүүн гээд хэн нэгэнд ямар нэгэн халдвар бүртгэгдсэн тохиолдолд нөхцөл байдлын талаар даруй мэдэгдэхийг хүссэн болно. Мөн Токиогийн олимпийн наадмын Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хорооноос олимпийн шинэ товыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд тогтоон зарласан ба Токиогийн олимпийн наадмын эрх хэвээр үлдэхийг батаалгаажуулсан болохыг мэдэгдээд дээрх шинэ нөхцөл байдлыг авч үзэн UWW-ийн Гүйцэтгэх хороо 2020 оны эрхийн тэмцээнүүд болон аварга шалгаруулах тэмцээнүүдийн хуваарийг энэ долоо хоногт хуралдан хэлэлцэхээр болсон байна.

 

Хэлэлцүүлгийг хийхдээ тивүүд дэх цар тахлын тархалтын байдлыг харгалзан онцгой нөхцөл байдал, түүнээс үүдэн гарах тухайн үеийн байдлаас шалтгаалан аливаа шийдвэрийг түр зуур гаргах шаардлагатай болоод байгаа бөгөөд холбоодод тогтмол мэдээлэл өгөх болно гэж мэдэгдлээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин