Үсчид өдөрт хоёр, гоо сайханч сард ганцхан үйлчлүүлэгч угтаж байна
2020-03-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, 33 хувь нь ажлын байраа цомхотгоод байгаа судалгааны үр дүнг МҮХАҮТ-аас танилцууллаа.

 

Судалгаанд оролцсон компаниудын 65 хувийнх нь орлого буурч, 42 хувийнх нь хэвийн үйл ажиллагаа доголджээ. Мөн 30 хувь нь шаардлагатай бүх зардлаа бууруулсан байна. Цаашид 260 мянган хүн ажилгүй болж, 20 мянган компани үүд хаалгаа барих эрсдэл байгааг судалгаанд дурджээ.

 

Цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байна. Давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ.

 

Үүнээс 65.1 хувь нь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35.0 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна гэж Монголбанкнаас мэдээлсэн.

 

Тоо яриад суухаас илүүтэй бодит байдлыг сурвалжлахаар хэд хэдэн үсчин, гоо сайхны газрын хаалга татлаа. Багшийн дээд орчимд байрлах үсчин, гоо сайхан гэсэн хаягтай газраар орвол үйлчлүүлэгчгүй, утсаа оролдсон бүсгүйчүүд “Тавтай морил” хэмээн уралдах шахам хэлж уриалгахан угтаж байна.

 

Жижигхэн өрөөнд гурван үсчин, нэг гоо сайханч ажилладаг юм байна. Үсчний гурван сандлыг тус тусад нь гурван бүсгүй түрээслэдэг бөгөөд өдрийн 15 мянга, сарын 450 мянган төгрөгийг түрээслүүлэгчид төлдөг байна.

 

Тэдний нэг нь үсчиний газрынхаа арын өрөөнд бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ өрөөг бүхэлд нь сарын 1 сая төгрөгийн төлбөртэйгээр түрээсэлж ажиллаж амьдардаг аж. Бүсгүй ББСБ-аас лизингийн автомашинтай. Сард 372 мянган төгрөг төлдөг гэнэ. Ингээд сардаа 1 сая 372 мянган төлбөрийг зээл, түрээсэндээ төлдөг тэрбээр өнөөдрийн байдлаар өдөрт ердөө 1-2 хүний л үс засдаг. Зарим өдөр 3 хүний үс засчихвал өөрийгөө ёндоотойд тооцож зогсоо гэж ярилаа. Эдийн засгийн сорилттой тулгарсан энэ хүнд өдрүүдэд ББСБ болоод өрөөний түрээслүүлэгч хоёрын аль аль нь хугацаандаа, бүтнээр нь түрээсээ авах шаардлага тавьж байгаа нь бүсгүйг хүчин мөхөсдүүлэх болжээ.

 

Үйлчлүүлэгч сайтай бол өдрийн түрээсээ /15 мянган төгрөг/ төлөөд цаана нь 5-10 мянган төгрөгтэй үлдчихдэг. Харин хүн муутай байвал түрээсээ төлөөд цаана нь мянган төгрөгтэй үлдэх өдөр ч байдаг аж. Цэцэрлэг, сургууль амарсан, хөл хориотой эдгээр өдрүүдэд хүнгүй шахам өдрүүд олон гэнэ. Гэсэн ч өрөөний эзэн сар бүрийн түрээсээ яг цагтаа бүтэн төлөхийг шаардсаар байгаа зовлонг үсчид хуваалцлаа.

 

 

Харин гоо сайханч эмэгтэйн хүнд өдөр болгон орлогогүй сууж байгаа, 14-20 хоногт нэг л хүн орж ирж байна. Гэтэл өдөрт 10 мянган төгрөг, сард 300 мянган төгрөгийн түрээс төлдөг тухайгаа учирлав. Үнэн учраа хэлэхэд түрээслүүлэгч мөн л “Төлбөрөө цагт нь төлч чадахгүй бол өрөөгөө суллаад гар. Өөр үйл ажиллагаа явуулна” хэмээжээ.

 

Төлбөрөө бүтнээр нь 30-ндаа өгөхгүй бол өрөөгөө суллаад гараарай гэсэн. Өөр ямар ч арга байхгүй болохоор тэнэгийн дотор уужуу гэгчээр зогсож л байна хэмээн санаа алдан, толгой сэгсрэх бүсгүйчүүд нөхцөл байдлыг ойлгож түрээсээ буулгах, өдөр хоног хойшлуулах зэргээр уян хатан хандахгүй байгаад гомдолтой байгаагаа хэллээ.

 

Энэ үсчид зөвхөн нэг жишээ. Өөр олон байгууллага, бичил бизнес эрхлэгчид энэ мэтээр үйл ажиллагаа нь доголдон, дампуурал зарлаж байгаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэнчбиш:
Ажлын байр бий болгосон нэрээр бусдыг мөлжигч түрээслүүлэгчдийг яалтай билээ
2020-03-31
Зочин:
Яанадаа өдрөөс өдөрт амьдрал муудаж байна төрдөө л найдахаас өөр юм алга даа
2020-03-31