Тахлын голомт дээр ажиллаж буй эмч: Ээж нь хүүхдүүдээсээ үүрд явбал ...
2020-03-31

 

АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт тахалтай тэмцэж байгаа олон эмч нарын нэг болох Корнелия Григгс Твиттер дэх 15 мянган дагагчдаа ажлынхаа хүндхэн өдрүүдийн талаар хуваалцдаг аж. COVID-19 вирустэй хийх тэмцэлд тэргүүн эгнээнд яваа эмч нарын талаар Нью-Йорк Таймс сони нийтлэл гаргасны дараа Корнелия Григгс эмч олны дунд алдаршжээ. 

 

Григгс  эмч ямар ч ээлжгүйгээр бусад эмч нарын хамт өвчтөнүүдийн амь насны төлөө тэмцэж байгаа нэгэн. Хэдийгээр хамгаалалтын хэрэгсэл байгаа ч тэрбээр халдвар авахаас ихээхэн эмээдэг гэнэ. 

 

Саяхан Корнелия Григгс Твиттер хуудсандаа бяцхан хүүхдүүддээ хандан захиас үлдээжээ. Мөн тэрбээр эмнэлгийн хамгаалалтын хувцастайгаар нь хүү, охин хоёр нь түүнийг танихгүй л болов уу гэж онцолсон байна.

 

"Хүүхдүүд минь COVID-19-өөс болж намайг алдвал ээж нь ажлаа хийхийн тулд хамаг чадлаараа л хичээсэн гэдгийг мэдээсэй гэж хүсч байна" хэмээн Григгс эмч бичээд #GetMePPE хаштагтайгаар нийтэлжээ.

 

Энэ хаштаг нь халдвар авсан өвчтөнүүдтэй харилцах үед халдвараас хамгаалах тусгай хувцас нэн шаардлагатай байгааг Америкийн эмч нар дуулгаж байгаа тусгай тэмдэглэгээ юм.

 

Өмнөнь тэрбээр Нью-Йорк Таймс сонины нийтлэлд эмч нарын ажиллаж буй аймшигтай нөхцөлийн талаар дэлгэж байв.

 

"Өвчтөнүүд яаралтай тусламж, эмнэлгийн тасгийн үүдэнд урт дараалал үүсгэн биднээс хариу хүлээн зогсдог. Хүүхдийн эмнэлэгт ээлжит үзлэг хийж яваад бээли болон бусад хамгаалалтын хэрэгслүүдийн нөөц багасч байгааг би харсан. Энэ бол өвчтөнүүд төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд хямрал" хэмээн тэрбээр өгүүлж байжээ.

 

Энд дуулгахад, АНУ-д халдвар авсан хүний тоо 100 мянгыг давсан бол, Нью-Йорк хот хамгийн том голомт болсон бөгөөд энд 66.5 мянган хүн халдвар авч, 1218 хүн нас барсан байна. Сүүлийн хоногт гэхэд л 253 хүн нас барсан бөгөөд цогцос хадгалах газар ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас гудамжинд цогцос түр хадгалах хөргүүрүүдийг тавьсан талаар NBC мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин