Цар тахлын үед сэтгэлээр өөдрөг байх 5 шалтгаан
2020-04-01

 

COVID-19 вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт л нурааж орхив. Цар тахлын цар хүрээ нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ хэдэн сараар биш юмаа гэхэд хэдэн долоо хоног үргэлжлэх нь ойлгомжтой болсон юм. 

 

Ийм нөхцөлд сөрөг зүйлс олон боловч эерэг өөрчлөлтүүд ч гарсаар байна. Бид цаг хугацаа алдаж, мөнгө төгрөг үрэлгүй гэрээсээ ажиллаж сурах, шаардлагагүй зардал гаргахгүй байх, хүний үйл ажиллагаа хумигдсанаар байгальд таатай өөрчлөлтүүд гарах зэрэг эерэг талууд байгаагийн дээр хүн төрөлхтөн энэ цар тахлын үед сэтгэлээр унахгүй байх олон шалтгаан бий. Үүнээс таван шалтгааныг ВВС агентлаг тодорхойлсныг товчлон хүргэж байна.

 

1. Цагаан нөмрөгтнүүдэд илэрхийлэх талархал

 

Дэлхийн бүхий  л орнуудад COVID-19-тэй хийх тэмцлийн тэргүүн эгнээнд эмч, сувилагч болон эрүүл мэндийн салбарын бусад ажилтнууд зогсож байна. Тэдний хүчин зүтгэлийн ачаар олон хүн тэнхэрч, эдгэрч эмнэлгээс гарсаар.

 

Тэдний ач гавьяаг хүлээн зөвшөөрч ямар нэг байдлаар талархлаа илэрхийлэхийн тулд олон оронд хүмүүс тагтан дээрээ эсвэл хашаандаа гаран алга ташиж байгаа юм. 

 

Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Британид орон нутгийн цагийн 20.00 цагт бүгд нэгэн зэрэг алга ташиж талархал илэрхийлжээ. 

 

Ийм талархлыг анх Хятадын Ухань хотод нэгдүгээр сарын дундуур илэрхийлж байв. Хятадын олон нийтийн сүлжээнүүдэд байршуулсан дүрс бичлэг дээр нутгийн иргэд цонхоороо талархлын үгс чангаар хэлж, нэгнээ дэмжихийн тулд дуу дуулж байгаа нь дүрслэгдэж байлаа.

 

Вирус тархахын хэрээр энэ нэн шинэ уламжлал дэлхий даяар тархаж, хүмүүс эмч нарт талархал илэрхийлэх арга болгон ашиглах болжээ.


2. Хятад хорио цээрийн горимоо сулруулж байна 

 

Хятадын эрх баригчид улс дотроо вирусийн тархалтыг тогтоон барьж чадсан гэж үзэж байна. Сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан хүний тоо бага бүртгэгдсэн бөгөөд ихэвчлэн халдварын шинэ тохиолдлууд нь зөөвөрлөгдсөн буюу гадаад улс орнуудаас ирсэн хүмүүсээс вирус илэрчээ. 

 

Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид аажмаар хатуу хорио цээрийн горимоо цуцалж эхэлсэн юм. Анх өвчний голомт болж байсан Хубэй мужид гуравдугаар сарын 25-ны өдөр зорчих хөдөлгөөнийг нээсэн бол нэгдүгээр сард хөл хорионд орсон Ухань хотод дөрөвдүгээр сарын наймны өдөр хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ.

 


3. Итали:  Хонгилын үзүүр дэх гэрэл?

 

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Италийн эрх баригчид мэдээлснээр тус улсад халдварын тархалт тогтворжих шинжиндээ орсон гэнэ. Учир нь дөрөв хоног дараалан халдварын шинэ тохиолдлын тоо болон нас баралтын тоо буурчээ.

 

Лхагва гаригт 3612 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх дөрвөн өдрөөс бага байв.

 

Гэвч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт халдвар авсан хүний тоо дахин өссөн бол баасан гаригт холимог дүр зураг ажиглагдав. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчилсөн хүмүүсийн тоо буурсан бол нас баралт цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

 

Гэлээ ч өнгөрсөн долоо хоногийн эхний дөрвөн өдөр найдварын оч үсэргэж, ДЭМБ үүнийг найдвар төрүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. Харин аюулт өвчний тархалтад хамгийн ихээр нэрвэгдсэн Ломбарди мужийн ерөнхий эмч "хонгилын үзүүрт гэрэл харагдана" хэмээжээ.

 

4. Эрдэмтэд вакцины эрэлд

 

Дэлхий даяараа л хэзээ энэ аюулт өвчнөөс сэргийлэх тарилга гарах бол гэж чих тавин хүлээж суугаа.

 

Одоогийн байдлаар энэ төрлийн вакциныг хэд хэдэн оронд боловсруулж байгаа бол Америкийн Сиатл хот дахь Эрдэм шинжилгээ судалгааны төвд дөрвөн сайн дурын хүнд аюулт вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилтын тунг хийжээ.

 

Энэ тарилга болон бусад боловсруулагдаж байгаа урьдчилан сэргийлэх тарилга хэр үр дүнтэй гэдгийг мэдэхэд хэдэн сар шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэсэн ч эрдэмтэд шинэ төрлийн титэм вирусийн тухай улам ихийг олж мэдсээр л байна.

 

Өнгөрсөн долоо хоногт вирусийн генетик кодыг тайлах судалгааны талаар найдвар төрүүлсэн мэдээлэл гарч байлаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар вирусүүд хүн болон амьтны биед орж үржихдээ мутацид ордог бол өнөөгийн энэ SARS-CoV-2  вирус нь мутацид орохдоо удаан, зарим тохиолдолд мутацид ордоггүй гэнэ.

 

Энэ ажиглалт батлагдвал, хүнд удаан хугацаанд дархлаа суулгахын тулд нэг л вакцин тарихад хангалттай болно гэсэн үг.

 

"Тогтвортой геномтой вирус гэсэн ажиглалт гарсан нь вакцин бүтээх ажилд тун сайхан мэдээ" гэж профессор Стефано Менцо мэдэгджээ.

 

5. Бүгд нэг завин дээр

 

Дэлхий даяар тархсан аюулт вирус хүн төрөлхтнийг нэгдмэл болгосон гэхэд болно. Олон орноос харилцан туслалцаа үзүүлсэн, нэгнээ дэмжсэн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм.

 

Британид Эрүүл мэндийн үндэсний албад туслах армид сайн дурынхан авах уриалга олон зуун мянган хүн нэгдэж, анх төсөөлснөөс ч хэд дахин их хүн цугласан нь албаныхныг гайхшруулжээ.

 

Үнэ төлбөргүйгээр бусдад туслах уриалгад ийнхүү олон хүн нэгдсэнд ихэд алмайрч, биширсэн талаараа Британийн Эрүүл мэндийн үндэсний албаны Английн хэлтсийн захирал Стивен Поувис ВВС-д ярьсан байна.

 

Энэ өдрүүдэд олон кафе, зоогийн газрууд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг кофе, хачиртай талхаар дайлж байгааг ВВС мэдээлжээ.

 

Түүнчлэн, El Pais сонины мэдээлснээр, Испанид нэгэн эмчийн уриалснаар олон мянган хүн хүнд өвчнөө эмчлүүлж байгаа хүмүүст түргэн эдгэхийг хүсч, сайн сайхныг ерөөсөн захидал илгээсэн байна.

 

Мөн дэлхий даяар өөр нэгэн "моод" газар авлаа. Хүмүүс цонхон дээрээ солонго зурсан цаас, зурагт хуудас нааж, амжилт хүсэн, өөдрөг байхыг сануулах болсон бөгөөд энэ уламжлал анх Итали, Испаниас үүсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин