COVID-19: Lamborghini амны хаалт үйлдвэрлэж эхэлнэ
2020-04-01

 

Италид COVID-19 вирусийн халдварын тархалт улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Automobili Lamborghini  автомашин үйлдвэрлэдэг компани амны хаалт болон нүүрний хамгаалалт үйлдвэрлэх шийдвэр гаргажээ. 

 

Спорт машин үйлдвэрлэдэг энэ компани дээрх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн тулд зарим цехүүдийнхээ тоног төхөөрөмжийг өөрчилж, үйлдвэрлэсэн хамгаалалтын хэрэгслүүдийг Сант'Орсола-Мальпиги хотын эмнэлэгт өгөх аж. тус компани өдөрт мянга хүртэлх тооны амны хаалт үйлдвэрлэнэ хэмээн мэдэгджээ. 

 

Улс орон нь онц байдалд орсон нөхцөлд COVID-19 вирусийн тархалттай тэмцэхэд "бодитой хувь нэмэр" оруулахаар шийдсэн бөгөөд дээр дурьдсан эмнэлгийг  "олон жилийн хамтын ажиллагаатай" байгууллага гэдэг үүднээс сонгосон гэж Lamborghini компанийн Ерөнхий захирал  Стефано Доменикали мэдэгджээ.

 

"Бид хамтран ажиллаж, энэ цар тахалтай өдөр бүр тэргүүн эгнээнд тэмцэж буй хүмүүсээ дэмжсэнээр энэ дайнд бид ялалт байгуулна" хэмээн Стефано Доменикали мэдэгдсэнийг РИА Новости дамжуулсан байна. 

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Италид COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 105 мянгыг давж, халдварын улмаас нас барсан хүн 12428 болсон байна. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Италид бүх нийтийн хөл хориог энэ сарын 12 хүртэл сунгасан юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин