COVID-19: Пентагон халдвар тархсан хөлгийн экипажийг нүүлгэн шилжүүлэх болоогүй гэв
2020-04-01

 

Америкийн "Теодор Рузвельт" нисэх онгоц тээвэрлэгчийн экипажийн бүрэлдэхүүн дунд COVID-19 вирус тархаж, улмаар онгоцны ахмад тусламж хүссэн талаарх мэдээлэл гарч байсан. 

 

Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер ахмадын рапорттой танилцаагүй гээд экипажийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх цаг нь болоогүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Тодруулбал CBC News агентлагт өгсөн ярилцлагадаа "нисэх онгоц тээвэрлэгч хөлөг рүү их хэмжээний нөөц, эмнэлгийн тусламж хүргүүлэх ажлыг зохион байгуулсан" гээд хөлгийн багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх цаг нь болоогүй хэмээн мэдэгджээ. Мөн Америкийн Тэнгисийн цэргийн хөлө онгоцны ахмад яаралтай тусламж хүссэн рапортыг уншиж танилцаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Тэгвэл NBC агентлагийн мэдээлснээр, "Теодор Рузвельт" хөлөг онгоцны ахмад Бретт Крозье АНУ-ын Батлан хамгаалах яаманд рапорт илгээн, хөлөг онгоц дээр хорио цээр сахиулах болон өвчилсөн хүмүүсийг тусгаарлах зай талбай хүрэлцэхгүй байгаа тул вирусийн тархалтыг таслан зогсоох нөхцөл бүрдүүлэх боломжгүй байгаа талаар илтгэжээ. 

 

Энд дуулгахад, "Теодор Рузвельт" дээр COVID-19 вирус илэрсэн талаарх мэдээлэл анх гуравдугаар сарын 24-нд гарч байлаа. Тухайн үед хөлгийн багийн гурван гишүүнээс вирус илэрсэн бол гуравдугаар сарын 30-ны өдөр 40 тэнгисийн цэргийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Гуам арал дээрх АНУ-ын Тэнгисийн цэргийн баазад харьяалагдах энэхүү нисэх онгоц тээвэрлэгчийн экипажийн бүрэлдэхүүнд нийтдээ 6000 орчим хүн багтдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин