ГХЯ: Гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй иргэдэд тасалбар бичнэ
2020-04-01

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

 

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Монгол Улсаас тусгай үүргийн онгоцоор Сөүл, Токио руу явах гэж байгаа иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо. БНСУ-ын Засгийн газраас гадаад улс орноос ирж байгаа иргэдийг зайлшгүй 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Богино хугацаагаар явах гэж байгаа иргэдийг хүлээн авахгүй гэдгээ БНСУ-ын тал мэдэгдсэн. Тийм учраас буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэн Солонгос улсад зорчиход хил дээр хүндрэл үүснэ гэдгийг ойлгох шаардлагатай байна.

 

Иймд "МИАТ" компаниас байнга оршин суух эрхтэй буюу 3 сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгээр тээвэрлэхээр боллоо. Тусгай үүргийн онгоцоор Сөүл, ТОкиог зорих гэж байгаа иргэд тасалбар бичүүлэхээр ирэхдээ гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэдгээ нотлох бичиг баримттай ирэхийг анхааруулья. МИАТ компани нотлох баримтыг үндэслэн визийг баталгаажуулж байгаа" гэлээ.

 

Харин тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад ирэх иргэдийн урьдчилсан судалгаагаар:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сөүлээс өндөр настан, асран хамгаалагч нарын 40 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 110, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй 51, бусад 13, нийт 251 иргэн ирэх аж. Энэ судалгаанд тулгуурлан тусгаарлах байрны арга тактикийг хэрэгжүүлж байгаа юм байна.

 

Токиогоос өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэдтэй 36, дамжин ирж байгаа 50 гаруй. жирэмсэн дөрөв, бусад 120 хүн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

 

Тусгай үүргийн нислэгээр өндөр албан тушаалтай, эрх мэдэлтнүүдийн танил, үр хүүхэд ирж байгаа тухай шүүмж нийгэмд тархаад байна. Үүнд ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Монгол Улсын ямар ч иргэн аль ч хотоос билет захиалаад эх орондоо ирэх эрхтэй. Хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй" гэж хариуллаа.

Shuud.mn
Сонин хачин