Б.Бямбадорж: Ногоон байгууламж сүйтгээгүй, моддыг шилжүүлэн суулгана

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэл хийлээ.
Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж "Зарим нэг улстөрч, хүмүүсийн явуулгаар "Хонхтой цэцэрлэгийн ногоон байгууламжийг сүйтгэж байна" гэх мэдээлэл явлаа. Энэ тохижилтын ажил 2019 онд эхэлсэн. Хувийн хэвшил болон байгууллагуудын дунд уралдаан зарлан, төсөл шалгаруулсан. Гүйцэтгэгчээр нь Нийслэлийн хот тохижилтын газар ажилдаа ороод байна.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлын хүрээнд мод ургамлыг шилжүүлэн зөөж дахин суулгах юм. Өөрөөр эхлбэл том хэмжээний модыг зайлуулж өөр газарт шилжүүлэн суулгана. Моддын 20-30 хувийг нь шилжүүлнэ. Харин бутлаг ургамал бол арал хэлбэрээр эндээ байх юм. МӨН ОХУ-ын Кремл орчимд ургадаг зүлгийг бид авчирч зүлгэжүүлнэ.
Гэтэл ногоон байгууламжыг тэр чигт нь үгүй хийж байна гэж ташаа ойлгоод байна. Ногоон байгууламжийн усжуулалтыг автомат системийг хийнэ. Өнөөдөр төв талбай дээр нийтийн бие засах газар байдаггүй. Тэгвэл талбайн хоёр талд 34 хүнд нэг зэрэг үйлчлэх ариун цэврийн байгууламж барихаар зураг төсөл дээр тусгаж өгсөн" гэлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэхээр болсон. Тус газарт орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд энэ бүтээн байгуулалтад 3.2 тэрбум төгрөг зарцуулах юм.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ