Нэр дэвшигчид сонгуулийн хороонд бүртгүүлсэн цахим хуудсаараа л сурталчилгаа явуулна
2020-04-02

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах зохицуулалтыг шинээр оруулсан. Нам эвсэл, нэр дэвшигч өөрийн тус бүр нэг цахим хуудсыг ашиглахаас гадна олон нийтийн сүлжээний болоод мэдээ мэдээллийн бусад цахим хуудсыг ашиглаж болно гэж хуульд заасан. Хууль дагаж гарах журмыг холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн батлах юм. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах газрын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очироос тодрууллаа.

 

 

-Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ гэдгийг журмаар хэрхэн тайлбарлаж, зохицуулж байгаа вэ?

 

-Үүнийг журам батлагдсаны дараа зөвлөмжөөр хүргүүлнэ.

 

Нэр  дэвшигч болон нам эвсэл  өөрийн тус бүр нэг цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсуудаа нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл хоёр төрлийн цахим хуудасны хаягаа бүртгүүлнэ гэсэн үг. Энэ бүртгэлийг  Харилцаа холбооны зохицуулах хороо нэгтгэн авч, олон нийтэд мэдээлнэ. Тэгэхээр нэр дэвшигч хуульд заасан үүргийн дагуу заавал бүртгүүлсэн цахим хуудсаараа сонгуулийн сурталчилгаагаа хийнэ гэсэн үг. Мөн нэр дэвшигч, нам эвслийн цахим хуудас, бусад цахим хуудсыг ашиглан сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичихгүй тохиргоотой нийтэлнэ.
 

-Фэйсбүүк, твийтерт ямар хяналт тавигдахаар яригдаж байгаа  бол?

 

–Эхний ээлжинд цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо Facebook  компанитай шууд харилцах суваг нээгээд ажиллаж байна. Сонгуулийн үеэр мэргэжлийн төлөөлөл ирж, ажлын түр байр нээж ажиллахаар төлөвлөсөн.

 

Хуурамч мэдээ мэдээлэл, түүнтэй холбоотой гомдол гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага нь шалгаад хуурамч болохыг тогтоож, Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд тухайн хаягийг хязгаарлах, устгах зохицуулалтыг журам дээрээ тусгаж өгсөн.

 

Тиймээс манай хороо эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шийдвэр, дүгнэлтийг үндэслэж арга хэмжээ авна. Иргэд, олон нийтийн гомдлыг Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хүлээж авна. Тухайн гомдол эрх бүхий байгуулагаар шалгагдаж, шийдвэр гарсны үндсэн дээрх холбогдох технологийн арга хэмжээг авна гэсэн үг.

 

-Технологийн арга хэмжээг тодруулвал?

 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хаяг, контентийг устгах, хязгаарлах хүсэлтийг холбогдох газруудад нь явуулна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Хуурамч мэдээлэл маш хурдан тардаг. Түүнтэй адил шалгах нягтлах байгууллагууд хурдтай ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ?  

 

-Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо журмын төсөлд энэ талаар саналаа өгсөн. Эхний ээлжид бид хоорондоо цахимаар маш хурдтай харилцаж ажиллана. Мөн Facebook компани сонгуулийн үеэр холбогдох бүх байгуулагатай хамтран ажиллана.

 

Өнгөрсөн оны  аравдугаар сард  Харилцаа холбооны зохицуулах хороо Facebook компани хооронд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг албан ёсоор нээсэн.

 

Гэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаална. Цахим сүлжээн дэх ОУ-ын зохицуулалтын схем нь ч ийм байгаа юм.

 

Өнөөдөр манайд нийгмийн цахим сүлжээнээс фэйсбүүкийг хамгийн өргөн хэрэглэж байна. Нийт хүн амын гуравны хоёр нь буюу хоёр сая 200 мянга гаруй фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч бий.Мөн улсын хэмжээгээр .mn доменийг хэрэглэгч 16 мянга байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны дотоодын судалгаагаар идэвхитэй ажиллаж байгаа 200 орчим мэдээллийн цахим хуудас бий. Монгол хүүхдүүдийн дунд фэйсбүүк ашиглалт ямар хувьтай байгаа нь сонин биш болчихлоо. Нийт сурагчдын 97 хувь нь гар утас хэрэглэдэг бол хэрэглэгч хүүхдүүдийн 91 хувь нь ухаалаг утастай.Фэйсбүүкийг энэ хэмжээгээр хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс ч нэг хүүхэд  хэдэн фэйсбүүк хаягтай байгааг бид судалж байна. Хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлүүлсэн нэгдсэн портал сайт Ekids.mn ажиллуулж, сэрэмжлүүлсэн, танин мэдүүлэхэд зориулсан мэдээллүүдээ өгөөд явж байна.

 

Бидэнд цахим орчинд хурдтай ажиллах хууль эрх зүйн орчин,  технологийн боломжуудыг бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх гээд хийх ажил их бий.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нууц хаягуудыг устгах хэрэгтэй өөрийгөө нууцалж байна гэдэг хүн гүтгэх , доромжлох нэр төрд нь халдна гэсэн үг ийм гэмт хэргийг өөгшүүлээд байгаа юм уу , шудрага үнэн зүйл бичихийг хэн ч хориглоогүй хэний ч эрхийг зөрчихгүй. Аливаа постын доор сэтгэгдэл бичдэгийг болих хэрэгтэй хэрүүлийн алим шидэж хэн нь илүү хараах нь в, хэн ь бузарын муухай доромжилох нь в гэдгийг шалгаруулах гэж байгаа юм уу, үүнийг болиход хүний эрх зөрчихгүй
2020-04-02