ФОТО: “Чингис хаан” музейн барилгыг барьж эхэллээ
4-2

 

2020 он 04 дүгээр сарын 02 өдөр Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд биечлэн оролцож, үг хэлж, барилгын сууринд шүншигийг байршуулж, гүйцэтгэлийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. 

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Уг ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо. “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төв сууринаа оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван тансаг идээний нэгэн болох нуур, гол, мөрөн рашаан, усны дээж, таван үрийн дээж, таван үнэртний дээж, таван эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн байна. “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм.

 

 Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай. Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсгээс Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна. 

 

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. “Чингис хаан” музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Хүндэт ард иргэд ээ,

 

Өнөөдөр Монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна.

 

Хөх Азийн цээжинд хүчирхэгжсэн аугаа өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлсэн их гүрнээ байгуулж, ертөнцөд төрт улсаа мандуулан дархалсан 2200 гаруй жилийн түүхийн хуудсыг бичиглэн үлдээжээ.

 

Монгол түмний аугаа баатарлаг түүх, арвин баялаг ёс заншил, дахин давтагдашгүй соёл бол Монгол хүн бүрийн эрхэмлэн дээдлэх, бахархан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх учиртай эрхэм нандин өв, үнэт зүйл мөн юм.

 

Учир иймд Монгол Улсын Засгийн газар 2019 онд “Чингис хаан” музей байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан.

 

Монгол туургатны эх түүх, үндэсний эв нэгдлийг бататган, үеийн үед сүндэрлэх “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг 17 дугаар жарны хаврын дунд сарын билэгт сайн энэ өдөр  Та бид эхлүүлэх гэж байна.

 

Хаадын хаан эзэн Чингис хаанаараа овоглосон энэ музей нь Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс 20-р зууны эхэн хүртэлх үе үеийн хаад язгууртнуудын үйл хэрэг, түүхийг дэлгэн харуулахын зэрэгцээ Монголын түүхийн судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болно.

 

Түүнчлэн өвөг дээдсийнхээ олон зууны турш хадгалж, өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, дэлхий дахинаа түгэн дархсан монголчуудын түүхэнд холбогдох өв, мөн эрт эдүгээ цагийн Монгол уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн гайхамшигт бүтээлүүд дэлгэгдсэн түүх соёл, оюуны их орд байх болно.

 

“Чингис хаан” хаадын музей нь түүх соёлоор дамжуулж иргэддээ эх орон, эх түүх, эх соёлоо дээдлэх, бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх эрхэм зорилготой юм.

 

Төр засгийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчид, архитекторч, дизайнерууд Та бүгдийн сэтгэл, зүтгэлийн үр дүнд энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд эхлэхэд бэлэн боллоо.

 

Хүчин зүтгэсэн бүх хүмүүст, дэмжиж тусалсан түмэн олондоо Монгол улсын Засгийн газар болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Монголчууд аа,

Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хүнд бэрх цаг үеийг Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт миний бие итгэл төгс байна. 

 

Монгол улсын Ерөнхий сайдын хувьд иргэн бүрийнхээ эрүүл энх, амар тайван амьдралын төлөө боломжит бүхнийг хийх болно гэдгээ энэ түүхэн цаг үе дор дахин батлан илэрхийлье.

 

Төв Азийн зүрхнээ нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс  Далай Их Монгол Улсыг байгуулж, орчлон ертөнцөд Монгол хүний билэг оюун, эрдэм чадлын дор засагласан түүхийг бид өнө мөнхөд өвлөн уламжлуулах ёстой.

 

Та бид Алтайн өндөр уулсаас Дорнын уудам тал нутаг, Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь хүртэлх Монгол нутгийнхаа Төрийн тахилгат шүтээн уулс, гол мөрнөөс сүслэн залсан ариун дагшин хөрс шороо, рашаан ус, эрдэнэс дээжсээс бүрдүүлсэн ариун шүншигийг залахад бэлэн болоод байна.

 

Өнөөдөр, сайн цагийн эхлэл, сайн үйл хэргийн үргэлжлэл болж, түмэн олны эв нэгдэл, оюун санааг тэтгэн баясгах, төрт ёс, эх оронч сэтгэлийн галыг өрдөх “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын өрнүүн их ажлыг ийнхүү эхлүүлж байна.

Их хаадын минь сүлд мөнхөд ивээж,

 Монгол улс минь ашид мандан бадрах болтугай

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Чингэс нэртэй сайхан музейтэй болноо хийхээ хийж,короног хязгаарлаж,бүтээн байгуулалтаа явуулах ёстойг ойлго тэнэгжавуудаа.
2020-04-28
zoxchin:
Короногийн АЮУЛТ халдвар дэлхий нийтээр дарж улс бүр хэмнэж ядаж байхад хэн наашаа музей үзэх гэж ирэхийн бэ.Түүний оронд эм тариа эмнэлэгүүдээ бэхжүүлээд авах нь дээр юм биш үү. Чингис хаан музейг дараа нь ард түмний хандиваар барьсанч Монголчууд бүгд л туслана.Энэ дээд дарга нарын тархи нь яахаараа ингэж сэтгээд байдгийн ямар хүмүүсийг сонгочихсон юм бээ
2020-04-20
хий:
хийх ёстой ажил байдаг бол хийж л байх хэрэгтэй.
baatraa saiddaa amjilt husie
2020-04-17
зочин:
ПОП сайд маань хаана попроол явнаа ажил нь амнаас цаашгүй 4-жилд налайхын 20 гаруй клм зам тавих гэж хошин ажил хийсэн хөөрхийс
2020-04-16
битгий андуураад атаархаад бай:
1 жилд л барьсан даа
Иргэн:
Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж авах арга хэмжээ зохион байгуулаачээ
2020-04-16
Tsavchaa:
Ur shiree darahgui zardal gargaad tsavchaa iigeed bh uu
2020-04-12
Зочин:
Энэ МАН ыхан бие биеээ тугжилдэхдээ л сайн юм !Хук Миедээ л зев болхоос унэн худал гар байна
2020-04-06
uyach:
IX XAANIIXAA SUR XUCHEER BUTSAAD ZOOS ORJ IREX AJILIIG BOL XIINE EE YAMAR CH KORONOTOI BXD XIINE, XARIN USAN ORGILUUR METIIG BOL TASLAN ZOGSOOXIIN TULUU ESERGUUTSENE
2020-04-04
zuv:
урдаа байгаа усан оргилуудаа ажиллуулж чадахгүй байж нэмж бариад байгааг нь ойлгохгүй байна
сайн үйл:
иргэн бүрийнхээ эрүүл энх, амар тайван амьдралын төлөө боломжит бүхнийг хийх болно гэдгээ батлан илэрхийлээ
2020-04-03
зочин:
Үр ач нар эрт шүдгүй болоод амандаа хөгнө зүүдэг болж ээ гэж хаантан маань харж байгаа бол уу
2020-04-03
muzeig tuvuus jaahan zaitai barihgui:
yarmag ruu barival yasiin .?esvel hui 7 hudag ch yum uu
2020-04-02
zochin:
xurelsukh mundag xun dee
2020-04-02