Хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх хуулиуд
2020-04-03

Энэ парламентын хаврын ээлжит отгон чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Отгон чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд шил шилээ даран хүлээгдэж байгаа. Юуны түрүүн  дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эдийн засаг хүндэрч, улс орнууд тус тусын арга хэмжээг авсаар байна.  Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг боловсруулж,  УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. 

 

Парламент цахимаар хуралдана

 

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа. Энэ хөл хорио хууль тогтоох дээд байгууллагад ч хамааралтай. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УИХ цахимаар хуралдахаар байгаа. Үүнтэй холбогдуулан Д.Лүндээжанцан гишүүн  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа.  

 

Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа.

 

Дэлхийн эрүүл мэндийн Байгууллага, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг Улсын Их Хурал даган мөрдөж, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох дэгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулах шаардлага тулгарчээ.

 

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.

 

Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна.

 

Мөн ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулжээ.

 

Хуулийн төслийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэхийн зэрэгцээ онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.  

 

 

 

Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ

 

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулаад байна. Улс орнууд энэхүү халдварт өвчний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

 

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, түүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна.

 

Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ.

 

Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ.

 

Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжинэ

 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр байгааа.

 

ДЭМБ-аас корона вирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүйг мэдээлж байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ.

 

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.

 

Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгагджээ.

 

Эдгээр хуулийн төслүүдээс гадна хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах юм.  “Хөл хорионы үед ч ажлын хэсэг гарч, Шүүхийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар оруулсан байгаа. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг сайтад тавьсан байгаа. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлж байна.  

 

Үндсэн хуульд оруулсан дагаж мөрдөх тухай журмын хуулий нэгдүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана" гэж заасан” гэдэг УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдаад байгаа юм.

 

Ийнхүү энэ парламентын отгон чуулган ачаалал ихтэй ажиллах нь ээ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин