Д.Нямхүү: Сэлэнгэ аймгийн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа
2020-04-03

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.03/ хийлээ.. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Манай улсад албан ёсоор бүртгэгдээд байгаа COVID-19 вирсийн халдвараар өвчилсөн 12 хүнд хамар битүүрэх, булчингаар өвдөх, бие арзайх, халуурах шинж тэмдэг зонхилжээ. Мөн өвчтөнүүдийн 50 гаруй хувьд суулгах зэргээр ходоод гэдэсний өөрчлөлт илэрч байгаа аж. Тиймээс эрт илрүүлж лабораторийн шинжилгээ хийх нь чухал ач холбогдолтой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт COVID-19 вирусийн халдвар АНУ-д 13 дахин, Италид 4 дахин, Франц улсад 13 дахин нэмэгдсэн. БНХАУ-д шинж тэмдэггүй хоёр тохиолдлыг албан ёсоор бүртгэлээ. БНСУ-д өдөртөө 100 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа. Эдгээр нь ихэвчлэн битүү, хаалттай орчинд бүртгэгдсэн тохиолдлууд юм. Энэ вирусээс сэргийлж болох хамгийн үр дүнтэй арга бол нарны гэрэл. Хоёр цаг тутамд агаарын сэлгэлт хийх нь сүлжээний бизнесийн бараа бүтээгдэхүүнээс хэд дахин илүү ач холбогдолтой" гэлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.04.01-ний өдөр Сэлэнгэ аймаг буюу Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээнд COVID-19 вирус илрээгүй. Катараас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан  81 сорьцонд вирус илрээгүй. Ингээд нийт ХӨСҮТ-д 110, Цэргийн төв эмнэлэгт 58, Орхон 20, Дархан-Уул 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийсэн. 

 

ХӨСҮТ дээр PCR машиныг дахин нэгийг ашиглалтад оруулж өргөжүүлсэн. Тиймээс өдөрт хийх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Хурдавчилсан оношлуурыг мөн хэрэглэж байна. Энэ оношлуураар шинжилгээний хариу 15-20 минутад гардаг. Гэхдээ хамгийн сүүлийн баталгаат хариу PCR машинаар гарна. Гэхдээ хурдавчилсан оношлуурыг ашиглах нь бидний ажилд ач холбогдолтой байна" гэлээ. 

 

Дашрамд мэдээлэхэд ОХУ-ын Москва хотын оршин суугчид хоол хүнс, эм, эмнэлгийн тусламж авах, гэрийн тэжээмэл амьтнаа салхилуулах зэрэг зайлшгүй шаардлагатайгаас бусад нөхцөлд гэрээсээ гарахгүй байх дэглэмд амьдарч байгаа аж. Халдварын хөнгөн зэрэгтэй өвчтөн 14 хоног, дунд зэрэг 20-25, хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hamgiin hynd 6-7 honoguu ? Syren gegch buruu bichjee
2020-04-03