Сэлэнгэ, Орхон ариутгал халдваргүйтгэлийн машинтай болжээ
2020-04-03

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлаж, хяналтанд авахад  байр хүрэлцээгүй байгаагаас үүдэн ойролцоох аймаг, сумдын тусгаарлах байранд байрлуулж байгаа юм.

 

 Аймгийн онцгой комисс болон эрүүл мэндийн холбогдох байгууллагууд тусгаарлагдсан иргэдийн эрүүл мэнд тусгаарлалттай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн дээр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.

 

 Энэ хүрээнд Алтанбулаг суманд 2020 оны 03 дугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын машинаар VIMEKON ариутгалын бодисоор 1170м2 талбай бүхий дараах газруудыг ариутгажээ

 

Үүнд:  64 айлын орон сууцны орц, гаднах талбай, эмийн сан, Хаан банк, хил орчмын газрууд, нийтийн бие засах газар,  нэгдүгээр цэцэрлэг, Соёлын төвийн баруун талын задгай бохир, Ахмадын толгой, Пандилин хийд, хүүхдийн тоглоомын талбай, Баян-Ундарга, Болор, Уян хуст дэлгүүрүүд зэрэг газруудад ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байна.  Мөн Онцгой байдлын газрын зориулалтын машинаар “Хилээс-Ариутгалын пост” хүртэлх зам талбай, төв зам, хороололын дундах замуудыг ариутгаж нийт 5 км замыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх талаар тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.

 

Харин Хойд бүсийн төв Орхон аймаг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд ашиглах халдваргүйтгэлийн авто машинтай боллоо. Уг машин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн дөрвөн тонн-ын багтаамжтай. Ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 цацруулах хошуутай “Forland” загварын  тусгай зориулалтын машин бөгөөд  аймгийн иргэдийн хандиваар 66 сая төгрөгөөр худалдан авчээ.

 

Ингэснээр коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна. Мөн  тус аймагт өнөөдрийн байдлаар 207 иргэн ажиглалт тусгаарлалтын байдалтай байгаа бөгөөд  биеийн байдал хэвийн  гэж Орхон аймгийн онцгой байдлын газраас мэдэгдлээ.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин