Коби Брайнт сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д багтлаа
2020-04-06

 

NBA-гийн таван удаагийн аварга сагсан бөмбөгч Коби Брайнт 13 настай охиныхоо хамт нэгдүгээр сард ослоор насан эцэслэсэн билээ.

 

“Лос-Анжелес Лейкерс”-ийн домогт тоглогч тэрбээр 2016 онд зодог тайлахаасаа өмнө 2008 онд NBA-гийн тэргүүн тоглогчоор шалгарч, Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны олимпийн аваргаар тодорч байсан юм. Түүний нэрийг “Алдрын танхим”-д мөнхлөх болсон тухайд NBA-гийн комиссар Адам Силвер “Коби Брайнт бол Бүх оддын зиндааны тоглогч, дэлхийн хэмжээний од билээ. Тэрбээр шилдгүүдийн дунд тогтмол багтаж, ур чадвараараа манай гаригийн сая сая үзэгчдийг баясгаж явсан” хэмээн хэлжээ.

 

Сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д Коби Брайнттай 2020 онд хамт бичигдэхээр болсон бусад эрхмүүдийг танилцуулъя:

 

• Тим Данкан (Сан-Антонио Спэрс, тоглогч). 43 настай. Бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, NBA-гийн таван удаагийн аварга, 2002 болон 2003 оны лигийн тэргүүн тоглогч

 

• Кевин Гарнетт (Миннесота Тимбервулвз, тоглогч). 43 настай. Бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, NBA-гийн 2007/08 улирлын аварга (Бостон Селтикс), 2004 оны лигийн тэргүүн тоглогч

 

• Эдди Саттон, дасгалжуулагч. 84 настай. Оюутны NCAA лигийн багуудад олон жил дасгалжуулагчаар ажилласан, шувтаргын тэмцээнд дөрвөн удаа шалгарсан

 

• Руди Томьянович, дасгалжуулагч. 71 настай. “Хьюстон Рокитс” багийг 1994, 1995 онд NBA-д түрүүлүүлж явсан, “Хьюстон”-д 11 улирал тоглож байхдаа дунджаар 17,8 оноо, 8,1 самбар авалт хийжээ

 

• Тамика Кэтчингс (Индиана Пивер, тоглогч). 40 настай. Эмэгтэйчүүдийн лигийн Бүх оддын тоглолтод 10 удаа шалгарсан, 2012 оны лигийн аварга, 2013 оны лигийн тэргүүн тоглогч

 

• Ким Малки, эмэгтэй дасгалжуулагч. 57 настай. 2000 онд тоглогчийн хувиар “Алдрын танхим-ын гишүүн болсон, одоо дасгалжуулагчийн хувиар орох гэж байна. Бэйлорийн их сургуулийн багийг удирдан 2004, 2012, 2019 онд NCAA-д түрүүлсэн, 2011, 2012, 2019 оны шилдэг дасгалжуулагч

 

• Барбара Стивенс, эмэгтэй дасгалжуулагч. 65 настай. Их сургуулийн багуудад 40 жил дасгалжуулагчаар ажиллахдаа багаа 1039 тоглолтод хожуулаад байгаа

 

• Патрик Бауманн (Швейцар). Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) ерөнхий нарийн бичгийн даргаар 2002-2018 онд ажиллаж байсан.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин