Нээлттэй парламентын "хаалттай" хаврын отгон чуулган
4-6

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.  Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган. Мэдээж, бүрэн эрхийн хугацааны, сонгуулийн жилийн хаврын чуулган ачаалал ихтэй байдаг. Энэ парламентын тухайд сонгуулийн жилийн гэхээсээ олон улсыг хамарсан цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд  үйл ажиллагаанд нь өөрчлөлт орж байгаа.

 

Парламентын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч оролцож үг хэлэх магадлалтай. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа суух бүрэн эрхтэй ч энэ удаад  чуулганы танхимын индрээс үг хэлж улс төрийн нүүдэл хийж магад. Учир нь тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд ард түмэндээ хандаж уриалга дэвшүүлсэнээ бататгахыг үгүйсгэхгүй. ҮАБЗ-ийн гишүүд Ерөнхийлөгчийн уриалгыг хэрхэн хүлээж авснаас чуулганд хэлэх үгний агуулга ч хамаарна. Харин эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нээлтэд оролцох эсэхийг одоогоор таашгүй. Үнэмлэхүй олонхийг гаднаас удирдаж байгаа түүний хувьд чуулганы нээлт дээр тэр бүр оролцож байгаагүй. Гэхдээ энэ удаагийн улс төрийн нөхцөл байдалд ямар шийдэлтэй байгаагаа илэрхийлэх эсэх нь түүний мэдлийнх. 

 

Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж, өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио  тогтоогоод байгаа энэ үед хууль боловсруулах дээд байгууллага хуралдаанаа цахимаар явуулахаар хуулийн төсөл өргөн бариад байгаа. Тэгээд ч хаврын чуулган нээлтээ хийсний дараагаар хамгийн эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна лээ. Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийг гаргаж,  хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, ажлын байрыг хамгаалах, иргэдийн амьжиргаа, орлогыг дэмжих, хүүхдүүддээ анхаарах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үйл ажиллагаа нь догдолдсон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн НДШ-ийг чөлөөлж, ажилнуудын ХХОАТ-ыг тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгох,  үйл ажиллагаа нь доголдсон компанийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийг дөрөвдүгээр сарын нэгнээс  зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Гэхдээ  төсвийн болон ТӨҮГ, төсвийн тендэрт шалгарсан компаниудад НДШ-ийн болон ХХАОТ-ын чөлөөлөлт хамаарахгүй гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан. Засгийн газрын дээрх тогтоолын төслөө УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан нь энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна лээ.

 

Нөгөөтэйгүүр  үнэмлэхүй олонхитой парламент өнгөрсөн хугацаанд дотоод асуудалтайгаа зөрчилдсөөр ирсэн.  2012 оны сонгуулиар  МАН 65, АН, МАХН нэг,  бие даагч нэг  суудал авсан бүрдсэн энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа 74 гишүүнтэй дуусгавар болгох нөхцөл бүрдээд байна.

 

Учир нь үнэмлэхүй олонхи, эрх баригч хүчин МАН-аас хоёр суудал сул үлдэх нь. Д.Гантулга хүчингийн хэргээр шалгагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх асуудлын жагсаалтад Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх асуудал багтлаа. Учир нь ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид зээл өгсөн асуудлаар  Б.Батзориг  ХХААХҮ-ийн сайдаасаа огцорсон. Үргэлжлүүлээд хуулийн байгууллагад шалгагдаж прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал оруулж ирсэн ч парламент Б.Батзоригийг авч үлдэж байлаа. Харин эдүгээ энэ парламентын бүрэн эрх дуусгавар болох, сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хоёрхон сар үлдсэн энэ хугацаанд нэг гишүүнийнхээ бүрэн эрхийг чөлөөлөх болоод байна. Б.Батзориг гишүүн хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан юм.

 

Энэ бол хаврын чуулганы нээлтийн дараагаар яаралттай хэлэлцэх шийдвэрлэх асуудал. Хуулийн хугацаатай асуудал үүгээр дуусгавар болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх түүхэн тодотголтой энэ парламент дагалдах хуулиудад өөрчлөлт оруулна. Үндсэн хуулийн өөрчлөлт тавдугаар сараас мөрдөгдөж эхлэх ч  шинэ парламент,  шинэ Засгийн газар хэрэгжүүлнэ гэж эрх баригчид онцолж байгаа.

 

Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж байнгын үйл ажиллагаатай, нээлттэй парламент хаврын отгон чуулганаа цахимаар" "хаалттай" хуралдуулахаар болоод байгаа. Хөл хорионы үед хэвлэлийнхэнд ч мэдээлэл авах хязгаартай юм билээ. Ийнхүү үнэмлэхүй олонхиос бүрдсэн парламент отгон чуулганаараа цаг хугацаатай уралдсан шил шилээ дарсан асуудалтайгаар эхлүүлж байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ШУДАРГА:
ХАХА ЗАСГИЙН ЭРХ АВААД ГУРВАН ЖИЛ АРВАН САР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЛАРЧ БАЙГААД КОРОНАВИРУС ТУС БОЛЖ ХОЁР САР Л АЖИЛААД БУУХ ШИВ ДЭЭ ЖДҮЧИД ХУЛГАЙЧИД АЛУУРЧИД ХҮЧИНДЭГЧИД БАНДААШ ГЭЭД ЮМ Л МУУ МУУХАЙГ ХИЙЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ ..
2020-04-06