COVID-19: Их Британийн Ерөнхий сайдыг эмнэлэгт хэвтүүлжээ
4-6

 

Өнгөрсөн сарын сүүлээр Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. 

 

Тэрбээр шинжилгээний хариу эерэг гарсны дараа өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийж байсан юм. Харин ням гаригт түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн талаар ВВС мэдээллээ. 

 

Борис Жонсонд шинжилгээ хийснээс хойш 10 хоног өнгөрсөн ч өвчний шинж тэмдэг илэрсээр байгаа тул урьдчилан сэргийлэх үүднээс түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэж Засгийн газрын тэргүүний ажлын албанаас мэдээлсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, Борис Жонсонд уушгины хиймэл амьсгалын аппаратын эмчилгээ хийх гэнэ. 

 

Жонсоноос гадна түүний бие давхар сүйт бүсгүй Керри Саймондс мөн халдвар авчээ. Түүнчлэн энэ вант улсад Уэльсийн хунтайж Чарльз болон Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок нар вирусийн халдвар авсан бөгөөд тэд хэдийнэ эдгэрчээ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Их Британид COVID-19 вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 болж, 48 мянга орчим хүн халдвар авсан байна.

 

Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн үед Их Британийн хатан хаан II Елизавета ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, хувийн сахилга баттай, зориг тэвчээртэй байхыг сануулжээ.  Мөн "цар тахлын үе нь хэн нэгэнд уй гашуу, олон хүнд санхүүгийн хүндрэл, бид бүгдэд өдөр тутмын амьдрал дахь хүндрэлийг авчирсан хэцүү цаг үе" хэмээн онцлоод улс орон нь цагийн эрхээр хуучин гольдрилдоо орно хэмээн мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бусад улсад бол тайван зугээр л ажиллаа хийгээд л явж байгаа шуу дээ манайд л арай л биш байгаад байна даа гаднаас л ирж байна шуу дээ
2020-04-06