COVID-19: Италид өвчтөнүүдийг асрахад робот ашиглаж байна
2020-04-06

 

Италийн хойд хэсэгт байх Чирколо-ди-Варезегийн эмнэлэг COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асрахад сувилагч нарт туслах, өвчтөнүүдтэй шууд харьцах эрсдлийг бууруулах зургаан робот хүлээн авсан талаар  TechXplore мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, роботууд COVID-19 вирусийн халдвар авсан хүнд өвчтөнүүдийн амин үзүүлэлтүүдийг шалгах ажил хийх гэнэ. Эдгээр роботууд нь дэлгэц болон төрөл бүрийн мэдрэгч, дохиогоор тоноглогджээ. Роботуудыг ашигласнаар эмч нар эрчимт эмчилгээний тасаг руу оролгүйгээр өвчтөнүүдийн биеийн байдлыг тусгай өрөөнд байршуулсан компьютерын дэлгэцээр хянах боломжтой болж байгаа аж.

 

Энд дуулгахад, Тайландад COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүс хэвтэж буй тасгуудыг эргэх, цэвэрлэх үүрэгтэй роботуудыг туршиж эхэлсэн байна. Энэ нь цар тахлын үед эмнэлгийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилж байгааг эх сурвалжууд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин