COVID-19: Куба улс бусад орнуудад туслахаар 600 эмч илгээжээ

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед улс орнууд нэгэндээ тусламжийн гараа сунгасаар байгаа юм.
Үүний нэг болох Куба улс дэлхийн 15 оронд тахалтай тэмцэхэд нь туслах үүднээс 600 орчим эмчийг илгээжээ. Мөн ээлжит тусламжийн эмч нарын баг ням гаригт Барбадос руу ниссэн талаар ТАСС мэдээлсэн байна.
Энэ багийн бүрэлдэхүүнд 100 гаруй эмч багтсан бөгөөд одоогийн байдлаар Куба улсын эмч нар Андорра, Антигуа ба Барбуда, Белиза, Венесуэл, Гаити, Гренад, Доминикан, Никарагуа, Сент-Китс ба Невис, Сент-Люси, Суринам, Ямайк гэсэн орнуудад ажиллаж байгаа аж. Мөн нөхцөл байдал нэн хүндэрсэн Итали улсад хамгийн түрүүнд тусалсан орнуудын нэг нь Куба улс байсан юм.
Энд дуулгахад, сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар нэг сая гаруй хүн халдвар авч, 60 мянга гаруй хүн амь насаа алдсан байна.
Одоогоор Испани, Итали, Герман, АНУ-д нас баралтын тоо аажмаар буурч байгаа гэнэ. Энэ нь тахлын оргил үе өнгөрч байгааг илтгэж байж болох юм гэж шинжээчид таамаглаж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ