Ц.Мөнхбат: Гудамж бол ТАЙЗ
2020-04-06

 

Хайрын дуу аялан чамтай зугаалах

Миний хотын гудамж

Зөөлөн салхиар намайг ивээн

Дандаа аз жаргалтай алхална...

 

Хаа нэгтээгээс ийн дуулах сонсогдоно. Хөдөлгөөн багатай ч зөрөн өнгөрөх хүмүүс, автомашинуудын сигнал,  тамхи, бохь ширхэглэн зарах эмээ, номын худалдаа хотын байдаг л нэг дүр зураг хэдий ч хаврын дулаахан энэ өдөр, “Хотын гудамж” хоёр хөг нэмж, сэтгэл тэнийлгэнэ.  Хүмүүс цаг үеийн хурц асуудлыг юу ч үгүй мартаад хотын гудмаар тайван алхаж, хос залуус хөтлөлцөн, инээлдэн гүйж харагдана.

 

Ажлаа тараад Төв талбайг хөндөлсөн,  цаашлаад Төв шуудан, Франц, Туркийн элчингээр уруудан “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудал хүртэл  алхаж явахдаа хэн нэг нь л машиныхаа хөгжмийг дууг чанга дээр нь тавиад, цонхоо нээгээд  явж байна даа гэсэн эхний сэтгэгдэл өөрчлөгдлөө. Цааш алхах тусам дуу ойртож сонсогдсоор гитар барьсан залуу  гудамжинд дуулж  суух нь харагдлаа.

 

Гитараа даран, “Madness”  хамтлагийн  “Хотын гудамж” дууг уянгалагхан дуулан суух тэрээр их жаргалтай, зөрж өнгөрөх хүмүүсийн нүүрэнд  инээмсэглэл тодорсоор. Олон хүмүүст аз жаргал, баяр баясгалан бэлэглэж суугаа дууч залуутай хэдхэн хором ярилцлаа.

 

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

 

-Сайн сайн байна уу? Намайг Ц. Мөнхбат гэдэг. СУИС-ийн Хөгжмийн багшийн ангид суралцдаг. Дуулах дуртай. Амьд хөгжимд дуртай. Гитар тоглох дуртай. Ер нь урлагт хайртай энгийн залуу.

 

-Яагаад гудамжинд дуулж сууна вэ?

 

-Гудамж бол тайз гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Зөрж өнгөрөх хүмүүст аз жаргал, баяр баясгалан өгөхийг хүсдэг. Гудамжинд дуулах нь, уран бүтээлч болохоор зорьж байгаа залууст, өөрийгөө нээх боломж гэж хардаг. Миний хувьд ингээд дуулаад суухаар  хамгийн сайхан байдаг. Өнгөрсөн жилүүдэд нүхэн гарц, цэцэрлэгт хүрээлэн дээр очиж дуулж байсан. Гэхдээ өнөөдөр дуулж байгаа нь энэ  оны хамгийн эхнийх  болж байна.

 

 Монголчууд одоохондоо гудамжинд дуулахыг  сайн ойлгохгүй байна. Зарим нь муухай харна.  Зарим нь мөнгө өгч, урам  өгөөд явдаг. Бүр гуйлга гуйж байна ч гэж боддог.  Хааяа унааны мөнгөгүй байхдаа мөнгөтэй болоод буух ч үе бас бий. Гэхдээ манай улсаас бусад улсад  гудамжны урлаг маш сайн хөгжчихсөн байдаг. Би өөрийгөө монголд  гудамжны урлаг хөгжихөд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж боддог.

 

-Өөрийн гэсэн  уран бүтээлтэй юу?

 

-Цомог гаргах хэмжээний дуу бол байгаа. Гэхдээ хоолой бичүүлэх,бусад ажил гээд л  залуу уран бүтээлчийн хувьд санхүүгийн боломж бололцооноос шалтгаалаад одоогоор яг бэлэн болсон уран бүтээл байхгүй байна.

 

-Бие дааж уран бүтээл хийдэг үү? Хамтлагтай юу?

 

-Бие дааж уран бүтээл гаргадаг.  Гэхдээ үеийн залуус нэгдээд  рок хөгжмийн хамтлагтай болж байгаа. Одоогоор  хамтлаг маань таван гишүүнтэй.

 

-Хамтлаг нь ямар нэртэй вэ?

 

-Бид нар одоохондоо нэр ээ тогтоогүй байна. Ярилцаж л байна даа.

 

-Voice  шоунд оролцож өөрийн дуу хоолойгоо олонд хүргэх  бодол бий  юу?

 

-Тиймээ.  Дараагийн Voice  шоунд оролцох бодолтой байгаа.

 

-Үлгэр жишээ авдаг ямар дуучин,  хамтлаг байна?

 

-Бүх хамтлаг,  уран бүтээлчдийг дэмжиж  сонсдог. Суралцах зүйл маш их байна.

 

-Залуучуудад  хандаж хэлэхэд?

 

- Бид өөрсдийн мэдрэмжээрээ уран бүтээлээ хийдэг. Удахгүй уран бүтээлүүд минь цацагдана. Тэгэхээр та бүхэн минь сонсож дэмжээрэй  гэж хүсье. Мөн  амьд хөгжим сонирхдог олон залуу байдаг. Гэхдээ сонирхдоггүй залуусдаа хандаж хэлэхэд   сонирхоод сонсоод үзээрэй. Маш гоё мэдрэмж төрдөг шүү.

 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г. Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Амжилт хүсэе!
2020-04-06