Шар өвсөө ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
2020-04-06

Хавар болж, иргэд агаар салхинд,  зусландаа гарах болжээ. Үүнийг дагаад иргэд  анхаарал сэрэмж алдсанаас ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэх  болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэд хэдэн гал түймрийн дуудлага гарсныг нийслэлийн онцгой байдлын газрынхан шуурхай ажиллаж унтраасан байна. Тухайлбал:

 

Баярзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 11 дүгээр гудамжинд иргэн М-ийн 2x4 метрийн хамжээтэй саравч, Хан-уул дүүрэгт Туул голын эрэгт иргэн Н-ийн Сонато-5 загварын автомашин, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжинд эзэн тодорхойгүй таван ханатай гэр шатаж байна зэрэг  дуудлагын  дагуу дүүргийн  онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид  шуурхай ажиллаж унтраасан аж.

 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд иргэн  О-ын 4x5 метрийн хэмжээтэй байшингийн урд хана, эзэн тодорхойгүй 4x5 метрийн хэмжээтэй байшингийн урд хана, эзэн тодорхойгүй 5x7 метрийн хэмжээтэй байшин хоёр , 2x2 метрийн хэмжээтэй амбаар, 3 га орчим газарт хөрсний өнжмөл өвс тус тус шатаж байна гэх дуудлагаар иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлстийн гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн зургаан  алба хаагч, нэг  автомашинтай  дөрвөн км замыг туулан 15:54 цагт очиж 01:00 цагт унтраасан байна. Мөн  тус  дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд иргэн Ё-ийн 6x8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр  автомашинтай ажиллаж унтраажээ. Цаашлаад  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын цэргийн нэгдүгээр  баазын дөрөвдүгээр гудамжинд иргэн Б-ын 6x10 метрийн хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман  алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж унтраасан аж.

 Зөвхөн өнгөрсөн амралтын хоёр өдөрт нийслэл орчмын зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатаасны улмаас гал түймрийн 34 дуудлага ирж, ОБА-ны 141 албан хаагч, 34 тeхник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ.

Тиймээс хуурайшилт ихтэй энэ үeд шар өвсөө ил задгай шатаахгүй байх, ойн түймэрт зуслангийн айлуудын өмч хөрөнгө, улмаар эрдэнэт хүний амь нас эрсдэх эрсдэл нэн өндөр мөн хуулийн хариуцлага ч хатуу гэдгийг анхаарч сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас иргэддээ анхааруулж байна.

Г. Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин