COVID-19: Халдвар авсан эмч амиа хорложээ

Францын хөл бөмбөгийн "Реймс" клубын эмч Бернар Гонсалес COVID-19 вирусийн халдвар авсныхаа дараа амиа хорлосон талаар Le Parisien мэдээлжээ.
Гонсалес эмч 60 настай байсан бөгөөд гэртээ эхнэрийн хамт тусгаарлагдсан байсан гэнэ. Түүний эхнэр мөн халдвар авсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Гонсалес эмч амиа хорлох болсон шалтгаанаа бичиж үлдээсэн гэх ч хотын дарга Арно Робине зурвас дээр чухам юу бичигдсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэхээс татгалзсан байна.
"Реймс" хөл бөмбөгийн клубын ерөнхийлөгч Жан-Пьер Кайо эмчийн үхлийн талаар сонсоод цочирдсон хэмээн мэдэгджээ.
"Надад хэлэх үг алга. Энэ мэдээг сонсоод үнэхээр цочирдлоо. Цар тахал клубын маань яг зүрхэнд цохилт өглөө. Тэр бол Реймсийг илэрхийлэх хүн байсан юм. Жинхэнэ мэргэжилтэн биднийг орхин одлоо. Манайд 20 гаруй жил ажилласан, дээд зэргийн мэргэжилтэн байсан юм. Клубын хувьд хүндрэлтэй цаг хугацаанд Гонсалес цалингүй ажилладаг байлаа. Тэр миний ч хувийн эмчээр ажиллаж байсан. Эхнэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье" хэмээн Жан-Пьер Кайо мэдэгджээ.
Энд дуулгахад, Италийн Монца хотын сувилагч, 34 настай эмэгтэй COVID-19 вирусийн халдвар авсаныхаа дараа амиа хорлосон талаарх мэдээлэл гуравдугаар сарын сүүлээр гарч байв. Тэрбээр гуравдугаар сарын 10-наас эхлэн хөл хорионд байсан бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа бусдад халдвар тараахаас эмээж амиа хорлосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ