Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин сөхөгдөх үү
4-6

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын хаврын чуулган ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.   Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган. үнэмлэхүй олонхитой парламент өнгөрсөн хугацаанд дотоод асуудалтайгаа зөрчилдсөөр ирсэн.  2012 оны сонгуулиар  МАН 65, АН, МАХН нэг,  бие даагч нэг  суудал авсан бүрдсэн энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа 74 гишүүнтэй дуусгавар болгох нөхцөл бүрдээд байна.

 

Учир нь үнэмлэхүй олонхи, эрх баригч хүчин МАН-аас хоёр суудал сул үлдэх нь. Д.Гантулга хүчингийн хэргээр шалгагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх асуудлын жагсаалтад Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх асуудал багтлаа. Учир нь ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид зээл өгсөн асуудлаар  Б.Батзориг  ХХААХҮ-ийн сайдаасаа огцорсон. Үргэлжлүүлээд хуулийн байгууллагад шалгагдаж прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал оруулж ирсэн ч парламент Б.Батзоригийг авч үлдэж байлаа. Харин эдүгээ энэ парламентын бүрэн эрх дуусгавар болох, сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хоёрхон сар үлдсэн энэ хугацаанд нэг гишүүнийнхээ бүрэн эрхийг чөлөөлөх болоод байна. Б.Батзориг гишүүн хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан юм.

 

Үүнийг бататгаж хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.  

 

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье” хэмээн чуулганы индрээс ширүүхэн дуулгав.

 

УИХ-ын  нэр бүхий 40 гаруй гишүүн нь “ЖДҮ”-гийн хэрэгт нэр холбогдсон. Үүнээс Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, яллагдагчаар татах саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн ч дэмжигдээгүй. Харин дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д оруулахаар болсон талаар бор шувуу нисч байна.

 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан нэр бүхий  дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлдээ дараах тайлбарыг хийж байсан юм. Үүнд:

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь  “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

 

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан зэрэг үндэслэлээр УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд байсан юм.

 

Ямартай ч хаврын чуулганы отгон чуулганаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин сөхөгдөх бололтой. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин