Хосгүй үнэт үзмэр: Язгууртны дээл
4-7

Монголын Үндэсний музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны үед холбогдох “Язгууртны дээл” үзмэрийг танилцууулж байна.

 

 

Язгууртны дээл

 

Холбогдох он цаг: XIII-XIV зуун

 

Материал: Торго, панз, хоргой, даавуу, алтан утас

 

Хэмжээ: 128x110см

 

Энэхүү дээлийг Монголын үндэсний музейн судлаачид 2003 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Бухын хошуу хэмээх газарт буй Монголын эзэнт гүрний үеийн булшнаас илрүүлэн олжээ. Эндээс гурван дээл гарсны нэг нь уран тансаг хийц, загвартай агаад алтан утас бүхий үнэт торгоор хийгджээ.

 

Язгууртны дээл нь Монголын үндэсний музейн IV дүгээр танхимын үзэсгэлэнд үзэгч олны оюуныг мялаан байдаг. Уг дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай бэлхүүсээрээ нягт нэгэн жигд хуниастай, дэргэвэр хормойтой. Нимгэн торгон гадартай. Дээлний анхны өнгө нэлээд хувирч өөрчлөгдсөн бөгөөд одоо бор өнгөтэй.

 

Дээлийн энгэр, мөр ар дал нуруу нөмрүүлэн үргэлжилсэн эвэр угалз хээг хоргой торгоор хайчлан захаар нь алтан утсаар зээг даруулан оёжээ. Алтан утастай торгоор эвэр угалзан хээг нэгэн жигд хэмжээтэй олныг эсгэн бэлтгэж, дээлийн энгэр, сум, ханцуйны үзүүр, бугалга, хормой дагуулан эмжээрлэн оёжээ. Хээний хоёр талаар бор даавуун дэвсгэртэй хошоо урлажээ.

 

Дээлийн бэлхүүс орчмоор 20см өргөнтэй буруу зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцээлэн дарж оёсон нь дээлийг машид уран нямбай хийснийг гэрчилнэ. Дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой.

 

Уг дурсгалыг 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын 227 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр батлаж гэрчилгээ олгожээ.

Shuud.mn
Сонин хачин