Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
4-7

Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдэж, өчигдрийн байдлаар дэлхийн 210 гаруй улсын 1.2 сая хүн өвчилж, 75 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна.

 

Иймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг мөрдөж чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх, энэ үед баримтлах дэгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах шаардлага тулгарч байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

 

Учир нь хууль, тогтоолыг ердийн нөхцөлд Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Иймд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг баримтлахгүйгээр өөрөөр тогтоож болохоор уян хатан хуульчлах шаардлага тулгарч байна.

 

Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдэх бөгөөд ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар төсөлд тусгасныг онцлов.

 

Чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хурлын программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх, хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн Төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцохоор хуулийн төсөлд тусгажээ.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хурлын программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томъёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асуух, хурапдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэхээр заажээ. Түүнчлэн цахим хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас бэхжүүлэхээр тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

 

Хуулийн энэ нэмэлтийг баталсанаар онцгой нөхцөл байдпын үед Улсын Их Хурлын чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэх бөгөөд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудлыг хэлэлцэж байх зохицуулалт бий болох юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт нарын асуултад хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан тодорхой хариулт өгөв. Мөн ажлын хэсгийн гишүүн-Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

 

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах нэмэлт гэхгүйгээр тусгай дэг болгож, төслийг өргөн хүрээнд авч үзэж онцгой нөхцөлийн үед хууль тогтоомжийн төслийг өргөн барих, санал авах, иж бүрдлийг хангах, хэлэлцүүлэг явуулах, эцэслэн шийдвэрлэх асуудлыг бүхэлд нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд нэгэнт хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон ийм үед гишүүд оновчтой санал гаргаж, хуралдааныг богино хугацаанд шуурхай явуулахад анхаарах нь зүйтэйг сануулаад дэгийн хуульд оруулах нэмэлт нь зөвхөн энэ удаагийн цар тахлаар хязгаарлагдахгүй, байгалийн гамшиг, аваар осол, зуд турхан гээд онцгой нөхцөл байдал үүссэн ямар ч үед хэрэглэхээр байнгын шинжтэй дэг байх нь зохимжтой гэж үзэж буйгаа хэлэв.

 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг онцлон дурдаж байв.

 

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин