COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж
4-8

Япон улсад онц байдал зарлажээ. Гэхдээ энэ нь тус улсад хатуу хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн үг биш гэж ВВС дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийтийн тээвэр хэвийн ажиллахын дээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлаагүй гэнэ. 

 

Гэхдээ онц байдал зарласнаар эрх баригчид зарим төрлийн арга хэмжээ авах бүрэн эрхтэй болж байгаа юм. Онц байдал тогтоосонтой холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэл хийхдээ "Бүх зүйл та бүхний үйлдлээс шалтгаална" хэмээгээд хүмүүсийг нэгэнтэйгээ харилцахаа аль болох цөөлөхийг уриалжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Японы зургаан муж болон нийслэл Токио хотод онц байдал тогтоосон байна. Ингэснээр тус улсын хүн амын 44 хувь нь онц байдлын нөхцөлд ажиллаж амьдарна гэсэн үг юм.

 

COVID-19 вирусийн цар тахал нь Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нүүр тулсан "хамгийн ноцтой" хямрал хэмээн Шинзо Абэ нэрлээд эдийн засгийг дэмжих үүднээс төсвөөс 108,2 их наяд иен зарцуулах зарлиг гаргажээ. Энэ нь 990 тэрбум орчим ам.доллар буюу Японы жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэж байгаа юм.

 

Цар тахал дэгдсэний улмаас энэ зун Олимп зохион байгуулах ёстой байсан Япон улс энэхүү дэлхийн хэмжээний спортын наадмыг жилийн хугацаагаар хойшлуулахаас аргагүй болсон. Мөн нөхцөл байдал хүндэрвэл олимпын объектуудыг эмнэлэг болгон өөрчлөн ашиглахаар болжээ.

 

Мягмар гаригт тус улсын Засгийн газраас дэмжсэн багц арга хэмжээний хүрээнд тахлын улмаас санхүүгийн хохирол амссан гэр бүлд 300 мянган иен буюу монгол мөнгөөр  7,2 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн тэтгэмж олгохоор болсон байна. Жижиг дунд бизнес эрхэлдэг компаниуд ч нөхөн төлбөр авах бөгөөд тэг хүүтэй зээл, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга хэмжээг эдийн засгаа дэмжих үүднээс хэрэгжүүлэхээр болжээ.

 

Энд дуулгахад, Японд халдвар авсан хүний тоо мягмар гаригийн байдлаар 3906 байгаа бол 92 нас баралт бүртгэгдэж, 592 хүн эдгэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Японд эмнэлгүүд шинжилгээ хийж өгөхгүй байна гэсэн жинхэнэ тоо нь их байгаа. Ганц бие хөгшчүүл олонтой тэд нар нь үхвэл хэн ч мэдэхгүй
2020-04-08
tiim