U money картаар зорчсон иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ
4-8
Гэрэл зургийг MPA.mn

 

“Улаанбаатар смарт карт” компаниас автобусанд Umoney картаар зорчсон иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаарыг өнөөдрөөс олгож эхэллээ. Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

 

“Улаанбаатар Смарт Карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “2016 оны нэгдүгээр сарын 01-ээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол улсын нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага бүр цахим баримт олгож эхэлсэн. Манай компанийн зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрөөс эхэлж нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд цахим хэлбэрээр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ” гэв.

 

Харин тус компанийн менежер Б.Батзул “Иргэн нийтийн тээврээр U money картаа ашиглан зорчсон өдрөөс эхлэн 72 цагийн дотор сугалааны дугаар Ebarimt.mn цахим сайтад автоматаар бүртгэгдэнэ. Сугалааны дугаар бүртгэгдэх боловч НӨАТ-ын буцаан олголт бодогдохгүй” гэлээ.

 

Иргэд  https://ebarimt.mn/ болон мобайл аппликейшн  ашиглан U money картын арын дугаараа бүртгүүлснээр сугалааны дугаараа авах боломжтой юм байна. Тухайн өдөр  зорчсон тооноос үл хамааран өдөрт нэг сугалааны дугаар олгох аж.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин