COVID-19: Испани Ерөнхий сайдаа шүүхэд өгсөн бол ОХУ эмч нартаа олон төрлийн урамшуулал олгоно
2020-04-09

 

Цар тахлын голомт болсон Хятадын Ухань хот хөл хорионоос аажмаар гарч, хэвийн амьдралдаа шилжиж эхэллээ. Харин Европ хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулах хараахан эрт байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсан байна. 

 

Дэлхий даяар халдвар авсан хүмүүсийн тоо нэг саяыг хэдийнэ давж, харин амиа алдсан хүний тоо 80 мянга гаруй болов. Цар тахал дэгдсэнээс хойш 300 мянга гаруй хүн аюулт өвчнөөс илааршжээ.

 

Испанид COVID-19 вирусийн улмаас амиа алдсан хүний тоо дахин өсч,  лхагва гаригт гарсан мэдээллээр тус улсад хоногт 757 хүн нас баржээ. Үүнээс нэг хоногийн өмнө 743 хүн амиа алдсан байна. 

 

Испанид халдвар авсан 146 мянга орчим хүн бий. Өнгөрсөн сарын эхээр Испанийн эмнэлгийн ажилтнуудын хэд хэдэн үйлдвэрчний эвлэл Ерөнхий сайд Педро Санчесийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэд Ерөнхий сайдыг улсдаа хэт оройтож хорио цээрийн арга хэмжээ авсан мөн Испанид хангалттай тоног төхөөрөмж байхгүй хэмээн буруутган ийнхүү шүүхэд ханджээ. 

 

Харин Британид цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо бусад орнуудаас ч их байж болзошгүй талаар Сиатл дахь Вашингтоны их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үзүүлэлт болон үнэлгээний хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна.

 

Энэхүү хүрээлэн мэдээллийн шинжилгээгээр мэргэшсэн бөгөөд цар тахал дэгдсэнээс хойших явц дээр тооцооллын загвар нь суурилжээ. Хүрээлэнгийн таамаглаж байгаагаар наймдугаар сарын эхэн гэхэд Британид COVID-19 вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 66314 болох гэнэ. Тахлын оргил үед Их Британид өдөрт л гурав  мянга хүртэлх тооны хүн амиа алдаж мэднэ гэсэн таамаглал гарсан байна. Лхагва гаригийн мэдээллээр, тус улсад нэг хоногт 938 хүн амиа алджээ.

 

Европын судалгааны зөвлөлийн тэргүүн "итгэл найдвараа алдав"

 

Еврокомиссын Шинжлэх ухааны сангийн Ерөнхийлөгч Мауро Феррари цар тахлыг сөрж буй Европын холбооны үйл ажиллагаанаас болж "системд итгэх итгэл нь алдарч", огцрох өргөдлөө гаргажээ. Тэрбээр биоинженер, нано анагаах ухааны мэргэжилтэн бөгөөд технологи болон эмзүйн дөрвөн компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Феррари олон судалгаа хийсний дотор хавдрыг эмчлэхэд нанотехнологийг ашиглах аргыг судалж байжээ.

 

Европын судалгааны зөвлөл нь Европын холбоон дахь эрдэм шинжилгээний судалгаануудыг ивээн тэтгэдэг. Financial Times сонинд нийтлэгдсэн Ферраригийн мэдэгдэлд титэм вирусийн тахлыг сөрөн зогсох тусгай хөтөлбөр гаргахыг уриалсан байна.

 

Гэвч шинэ тэтгэлэгт хөтөлбөр нээх шийдвэрийг гаргадаг эрдэмтдийн зөвлөл  Ферраригийн саналыг эсэргүүцсэн байна. Үүний дараа Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Феррарид хандан цар тахалтай тэмцэх санал гаргахыг хүссэн гэнэ. Феррари хүсэлтийг биелүүлж, цар тахалтай тэмцэх дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан ч түүний төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй орхисон аж.

 

"Миний саналуудыг Еврокомиссын захиргаа дотроо ийш тийш шилжүүлсэн, одоо бүр тэр төлөвлөгөө алга болсон бололтой" хэмээн Феррари бичжээ. Ингээд системд итгэх итгэл нь алдарснаар ажлаасаа халагдах шийдвэр гаргасан байна. 

 

"Гишүүн орнуудын хооронд эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг огтхон ч уялдуулаагүй, улсын хилээ дангаар хааж, шинжлэх ухааны санаачилгыг хүлээн авах чадвар нь маш муу зэргээр Европ COVID-19 вирусийн тахалд үзүүлж буй хариу арга хэмжээ нь намайг үнэхээр гонсойлголоо" хэмээн Феррари  өргөдөлдөө бичжээ. 

 

Хөл хорионы дараах Ухань

 

COVID-19 вирус анхлан дэгдсэн Хятадын Ухань хот аажмаар хөл хорионоос гарч байна. Энэ хотын оршин суугчид хоёр сар орчим хугацаанд хатуу тусгаарлалтын горимд амьдарсан юм.

 

Хөл хорио аажмаар тавигдсанаар хүмүүсийг гэрээсээ гарахыг зөвшөөрч, хотод дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн ч олон хязгаарлалт үйлчилсэн хэвээр байгаа гэнэ.

 

 

Хятадын эрх баригчдын албан ёсны мэдээллээр энэ хотод вирусийн улмаас 2,5 мянган хүн нас баржээ. Гэвч энэ албан ёсны баримтад барууны шинжээчид эргэлзэж байгаа бөгөөд бодит байдал дээр амиа алдсан хүний тоо хавьгүй их байгаа хэмээн үзэж байгаа юм.

 

ОХУ: Эмч нартаа нэмэлт цалин олгоно

 

Хойд хөрш ОХУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус улс тахалтай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм.

 

Оросын Ерөнхийлөгч  Владимир Путин цар тахал дэгдсэнээс хойш ард түмэндээ хандан гурвантаа мэдэгдэл хийж, тахалтай тэмцэх арга хэмжээний талаар иргэддээ дуулгасан. Гурав дахь удаагийн мэдэгдлийг лхагва гаригт хийж, шинээр авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлсэн байна. 

 

Үүнээс анхаарал татсан мэдээллүүдийг түүвэрлэвэл: 

  • Ачаалал нь нэмэгдсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин болгон олгох 10 тэрбум рублийг гаргана. 
  • Дөрөвдүгээр сараас эхлэн гурван сарын туршид COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллаж буй мэргэжилтнүүдэд нэмэлт цалин олгох аж. Эмч нарт олгох нэмэлт цалин сард 80 мянган рубль /монгол мөнгөөр 2,7 сая төгрөг орчим/, эмнэлгийн дунд шатны мэргэжилтнүүдэд 50 мянган рубль /монгол мөнгөөр 1,7 сая төгрөг орчим/, асрагч, сувилагч нарт 25 мянган рубль /монгол мөнгөөр 867 мянган төгрөг орчим/ хэмжээтэй байх гэнэ. Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудын даатгалыг холбооны төсвөөс гаргахаар болжээ. 
  • Гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд долоодугаар сард олгох байсан тэтгэмжийг зургаадугаар сард олгохоор болсон байна. Түүнчлэн эцэг, эх нь цар тахлын улмаас ажилгүй болсон өрхийн  хүүхэд бүр сард 3000 /монгол мөнгөөр 104 мянган төгрөг/ рублийн тэтгэмж авах аж.
  • Цар тахлын улмаас ажилгүй болсон улмаар тавдугаар сарын нэгнээс өмнө ажил эрхлэлтийн төвд хандсан хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 12130 /монгол мөнгөөр 421 мянган төгрөг/ рублийн хэмжээтэй тэтгэмжийг сар болгон олгох бөгөөд тэтгэмжийг авах хүсэлтийг цахимаар хүлээн авах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хогийн Путлeр зугатагаад нууц байдалд ороод зугтсан байна шүү!!!!!
2020-04-14
Zochin:
Manaixaan emch nariinxaa tsaling anxaarya
2020-04-09