Ямаа самнах цагаар: “Номинжингийн зөв”
2020-04-09

- Яана аа, уучлаарай, би чамайг урчихлаа

- Яршиг аа, ямаанаас уучлалт гуйгаад байхдаа яахав дээ.

- Номинжингийн хэлдэг зөв юм байна аа, хөөрхий ямаа өвдөж байгаа байхдаа...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хотоос ирсэн самнагч, хөдөөний хоньчин залуу хоёрын хооронд ийм яриа өрнөв. Малчин залуу хотын бүсгүйн “Номинжингийн зөв” гэдэг үгний утгыг ойлгосонгүй “Тэр нь хэн юм” гэвэл бүсгүй “Ямааны эрхийг хамгаалдаг хүн” гэж угаасаа чи ойлгохгүй гэсэн байртай тоомжиргүй хариулчихаад ямаагаа үргэлжлүүлэн самнав.

 

Тэгтэл саравчны цаад буланд ямаа самнаж суусан хотоос хамт ирсэн нэгэн нь “Нээрээ цус гартал арьсыг нь хүү татчихаад байхад хөл нь хүлээтэй хөдөлж ч чадахгүй байгаа энэ ямаанууд өрөвдөлтэй ч юм уу” гэвэл түрүүчийн бүсгүй дуу нэмж “Харин тийм байгаа биз дээ. Хөөрхий дөө энэ нь одоо өтчихвөл яана аа” гэв. Хөдөөний залуу тэндээс “Шархан дээр нь бууц асгачих, тэгээд л яах ч үгүй” гэж зөвлөвөл бүсгүй “Малын л тавилан юм даа” гээд хэнгэнэтэл санаа алдаж байна.

 

Гуравдахь залуу “Номинжин чинь ер нь юу хийдэг хүн юм бэ. Яагаад ямааны талаар тийм юм ярьсан юм” гэвэл бүсгүй “Харин хэлээд байна шүү дээ, малын эрх ашгийг хамгаалдаг дэлхийн байгууллагын ажилтан. Тэр чинь цагаан хоолтон гэсэн. Тэгээд л малыг их өрөвддөг, хайрладаг хүн байхгүй юу”.

 

***

 

Шар бууц бужигнасан саравчин дотор нэг, нэг ямаа “унагаагаад” самнаж суугаа энэ гурвын ярианы дараагийн сэдэв корона.

 

Хөдөөний залуу: “Хотоор сонин сайхан юу байна вэ”

 

Бүсгүй: “Юу байхав, корона л байна”

 

Хөдөөний залуу: “Дахиад нэмэгдчихсэн үү”

 

Бүсгүй: “Нэмэгдсэн байх өө. Өдөрт л бараг нэг нэмэгдээд байгаа шүү дээ. Та нар ч санаа амар юм. Санаа зовох юмгүй, өвчин тусчихна гэж айхгүй”

 

Хөдөөний залуу: “Айлгүй яах юм. Хотоос хүн ирэхдээ корона аваад ирвэл яана вэ гээд л айна шүү дээ. Та хэд өөрсдөө ч мэдэхгүй корона аваад ирсэн байвал яах юм”

 

Бүсгүй: “Тэгж сэжиглээд байвал чи сэтгэлээрээ өвдөнө шүү. Чи санаа зоволтгүй ээ, бид нар угаасаа товчоогоор наашаа гарахдаа халуунаа шалгуулсан. Зүгээр байна лээ”

 

***

 

“Ноолуур ёстой хямдхан байна аа, 50-хан мянга. Улаан сайд чинь 100 мянгаас буулгахгүй гээд байсан хаана байна” гэж хөдөөний залуу сэдэв сольж бухимдав. Бүсгүй хариуд нь “Ноолуураа тушаахгүй хэсэгтээ азнаж байхгүй юу. Өнөөдөр л ханш нээгдэж байгаа юм чинь удахгүй нэмэгдэх байлгүй дээ” гэж өөдтэй үг хэлэв.

 

Цаг орой болжээ. Төлдөө яарсан хонин сүрэг энгэр ээвэр газрын шаргалтсан хөндийгөөс гэрийн зүг цувж харагдана. Эхийнхээ дууг сонссон хурга, ишиг, өдөржин хашаатай байсан өлөн гэдэстэй самнасан ямаануудтай зэрэг майлалдана.

 

“За нөгөө хэдийгээ тавьж өгье дөө” гэсээр хөдөөний залуу бослоо.

 

Цувж буй сүргийн сүүлчийг мушгин ямаа ишгэндээ ирж явна. Ямаа нэг их дуу бололгүй намдуухан майлсаар ишгээ олж авав. Нялх тугалтай сарман гунж гэнэт ухаан орсон мэт гэрийн гадаа чанга гэгч нь мөөрөв. Сарман гунжны тугалных нь цадалгүй орхисон сүүгээр жилбэ муутай эхийнхээ сүүнд цадаагүй эсхүл эхдээ гологдсон хурга ишгийг угжихад төдөлгүй цадаад тонгочиж харагдана...

 

Хаврын өдөр уртын их ажлын ундарга сая нэг шувтарч хот, хөдөөгийнхөн гэр рүүгээ орлоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Г.Б:
Амьдрал мэдэхгүй хотын цагаан гардан, малдаа гаршаагүй залуу туслах малчны яриа уншиж цагаа гарздах юм даа. Номинжин тэгэж л их ямаа самнахад зовоод шаналаад байгаа юм бол танай тэр гадаадад ямааг зовоохгүй самнадаг багажийг нь малчдад хэлээд өгчих хэрэгтэй.
2020-04-10
Хаха. Ийм юм яриад бгаа хүмүүсийн гарал угсаа Монгол байж чадах уу.
2020-04-09
dorj:
bvv ymaa zowoooo
2020-04-09
цагаач:
ТЭНЭГ нь ТЭНЭГЭЭ МАГТАВ. НОМИНЖИН гэж цагаан гартай мал мэдэхгүй гадаадыг шүтсэн ЭХ ОРОНГҮЙ ЦАГААЧ
2020-04-09
зочин:
Тэнэгтээрэй.
2020-04-09
зочин:
Тэнэгтээрэй.
2020-04-09
Zochin:
ямааг яргалж самнадаг гэж мэдэхгүй сонсоогүй. бүр солиороод эхэллээ. больж үз
2020-04-09
хэтэрхий эрт самнаж байна
2020-04-09
Тэгшсүрэн:
Шууд.мн энэ тэгшсүрэн шиг шал хэрэггүй юм бичээд байгаа хүмүүстээ чөлөө өгөөд явуулаач. зохиол юм уу өөрийнх нь яриа юм уу.
2020-04-09
ҮНЭН:
МОНГОЛЧУУД ЯМААГАА САМНАХ ШИНЭ АРГА БАРИЛ, ТЕХНАЛОГ, НЭВТЭРҮҮЛЖ ЧАДДАГҮЙ ӨЧНӨӨН ЗУУНЫГ ӨНГРӨӨЖ БАЙГАА СОНИН АРД ТҮМЭН ШҮҮ ..ТЭРТЭЭХ ЗУУНААРАА Л ЯВААД БАЙДАГ. ЭРДЭМТЭН МЭРГЭД НЬ ШИНЭ БАГЖ, САМНАХ ТЕХНИК БҮТЭЭЧ ЧАДДАГҮЙ Л ЮМ БАЙХДАА __БАРУУНД БОЛ ЯНЗ БҮРЭЭР НЬ ЗОХИНО ДОО ..ҮҮГЭЭРЭЭ Л БАРУУНЫ ЗҮҮНЭЭР ЯЛГАРАХ ЮМ ДАА ..ЧӨЛӨӨТ СЭТГЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ТҮВДҮҮД ШИГ Л ХАРАНХУЙ ШАШИНТАН БОЛНО ДОО ЗАЙЛУУЛ
2020-04-09