COVID-19: Цар тахлын улмаас нэг тэрбум гаруй хүн ажилгүй үлдэж болзошгүй
2020-04-09

Цар тахал дэгдсэний улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж болзошгүй гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгджээ. 

 

Энэ байгууллагын мэдэгдсэнээр, тэрбум гаруй хүн ажилгүй үлдэх эсвэл цалин хөлс нь багасах эрсдэлтэй нүүр тулах гэнэ. Тэр дундаа зочид буудлын бизнес, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэр, жижиглэн худалдааны салбарынхан энэ эрсдэлд илүүтэй өртөнө гэдгийг цохон тэмдэглэжээ.

 

"Энэ салбарын ажилтнуудын ажлын цаг эрс багасч, цалин хөлс нь танагдаж, ажлаа алдах эрсдэлтэй нүүр тулна" хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгджээ.

 

Тус байгууллагын мэдэгдсэнээр, цар тахлаас үүдсэн хямралын улмаас 2020 оны хоёрдугаар улиралд ажлын цаг 6,7 хувиар буурах гэнэ. 

 

Энд дуулгахад, цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг бараг зогсчихсон гэж Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, энэ удаагийн хямрал 2008-2009 оны хямралаас ч хүнд байх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин