Итали улс тахалтай тэмцэхэд туслах зорилгоор Оросын цэргийн эмч нар тус улсад ажиллаж байгаа. Харин эдгээр мэргэжилтнүүд ирэх болсны "цаад үнэн шалтгаан"-ыг тайлбарлахыг Италийн Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон Гадаад хэргийн яаманд уриалсан цахим өргөх бичиг Change.com сайт дээр байршжээ. Энэ өргөх бичгийг санаачилсан хүмүүсийн нэг нь Украин гаралтай Италийн иргэн Наталья Гебрич гэж РБК мэдээлсэн байна.
Цахим өргөх бичгийг санаачилсан Наталья Гебрич Оросын мэргэжилтнүүд Бергамо дахь ахмад настны байрыг "үл мэдэгдэх бодис"-оор ариутгасан, оросууд ажилдаа хайхрамжгүй хандсан гэж буруутгасан ч энэ үгээ батлах баримт дэлгээгүй гэнэ.
"Оросын 15 онгоцоор 104 хүн ирснээс гагцхүү 35 нь л эмч, 13 орчуулагч байгаа гэдэг нь хэдийнэ тодорхой болсон. Бусад нь хэн юм?" хэмээн Гебрич өгүүлсэн байна. Түүнчлэн Оросын тусламж үр ашиггүй байгаа талаар бичсэн La Stampa сонины сэтгүүлчдийг Оросоос заналхийлж байгаа талаар өгүүлжээ.
Энд дуулгахад, Оросын тал цэргийн эмч нараа илгээсэн нь хүмүүнлэгийн тусламж бөгөөд улс төртэй ямар ч хамааралгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа юм.