ВИДЕО: Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийг баталлаа
2020-04-09

 

17:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 

 

УИХ-ын тогтоолыг дагалдах  Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. 

 

Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих юм. Үүнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас , ажилтнуудыг НДШ-ээс дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Мөн үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад зургаан сарын хугацаанд 200 мянган төгрөг олгох,   хүүхдийн мөнгийг дээрх хугацаанд 30 мянган төгрөг болгон олгох юм.

 

УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг батлав

 

16:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ. 

 

 

Онцгой нөхцөл байдлын үед УИХ-ын чуулган онлайнаар хуралдаж, гишүүд хоёр минут үг хэлэх зэргээр зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах батлав. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин