С.Чинзориг: НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 800 гаруй мянган иргэнийг хамруулна
2020-04-09

 

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020-04-09/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг: 

 

-Тогтоолын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийтдээ 800 гаруй мянган иргэнийг хамруулж, энэхүү арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тусгасан. Энэ нь үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд уг мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломжтой юм гэв. 

Shuud.mn
Сонин хачин