COVID-19: Британийн Ерөнхий сайд энгийн тасагт шилжжээ
2020-04-10


COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчин нь хүндэрч, эмнэлэгт хэвтсэн Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Өдгөө 55 настай Жонсоны ханиалгасан, өндөр халуурсан шинж тэмдэг буурахгүй байсан тул ням гаригт эмнэлэгт хэвтүүлж, улмаар биеийн байдал нь муудсаны улмаас сэхээн амьдруулах тасагт даваа гаригт шилжүүлж байсан юм.

 

"Ерөнхий сайд пүрэв гаригийн үдэш сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжсэн. Түүний биеийн байдлыг сайтар ажиглаж байна. Борис Жонсоны сэтгэл санаа өөдрөг байгаа" хэмээн Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон COVID-19 вирусийн халдвар авсан талаараа анх гуравдугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж байлаа. Улмаар Ерөнхий сайд өөрийгөө гэртээ тусгаарласан ч өвчний шинж тэмдэг арилалгүй, 10 хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн юм.

 

Тэрбээр Сент-Томас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд Британийн Засгийн газар Ерөнхий сайдынх нь биеийн байдал тогтворжиж байгаа талаар нэг бус удаа мэдэгдэж байв. Түүнчлэн Борис Жонсон ухаан алдаагүй, мөн уушгины хиймэл амьсгалын аппаратанд ороогүй гэж Засгийн газрын төлөөлөгчид онцолж байлаа.

 

Борис Жонсоныг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин