АВТОБУС №32: “Хоёр зураас гарвал коронавирустэй гэсэн үг”
2020-04-10

Баасан гарагийн мэнд. Өмнөх тэмдэглэлийн эмээг өрөвдсөн, үр хүүхдийг нь халагласан олон хүн сэтгэгдэл бичжээ. Зарим нь намайг зохиосон гэж загнасан байхыг хараад Баянхошуу орж эмээг хайдаг ч юмуу гэж бодов. Зохиогоод байсан юм бол байхгүй, /тренд дуурайв хэхэ/ ниймгийн л нэг дүр энэ. Оршлоо орхиж ээлжит тэмдэглэлээ эхэлж байна.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Ахаа би таксидахгүй”

 

Өнөөдөр /2020.04.10/ өглөө гэрээс гараад алхтал нар зөвхөн над дээр тусч байлаа. Учир нь өглөөний 06.30 цагт гудамжинд надаас өөр хүн алга. Булан эргээд автобусны буудал хүрвэл гурван ч приус зогсож байна.

 

Эхэнд зогссон Приус-10 автомашины жолооч суудлаа арагш налуулаад унтаж байх. Дундах приусны жолооч утсаараа тоглож байгаа бололтой, хөндлөн харуулаад хичээнгүйлэн товшоод л байна. Бодвол пабж биз. Харин хамгийн ард зогссон приусны жолооч цонхоо буулгаад надаас “Унаа авах уу” гэж асуулаа. Хариуд нь “Таксидах төсөв байдаггүй ээ” гээд инээлээ.

 

Энэ гурав лав хар үүрээр босоод “Өнөөдөр бужигнуулна аа” гээд гарсан байж таарна. Хүн олдохгүй хий эргэхгүй гэсэндээ холын ганц хүн авчихвал ч ёндоорно доо гэсэн шүү юм бодоод л энд зогсож байгаа байх гэж таалаа.

 

Автобусны буудал дээр эхлээд бид дөрөв байсан бол энд тэндээс ганц нэгээрээ хүмүүс цугларсаар зургаа, долуулаа болоод авав. Хойноос дахин нэг приус хурдлан давхиж ирээд “Кабинет, кабинет” /комбинат/ гэж нэлээд орилсон ч хүн суусангүйд хажууд зогсоо охиноос

 

Жолооч /ж/: Хаа хүрэх юм

 

Охин /о/: Талбай

 

Ж: За суучих суучих

 

О: Хүүе ахаа би таксидахгүй шүү дээ. Талбай хүртэл та хэдээр явах юм?

 

Ж: 1000 шт, за юу ч гэсэн суучих, хоёулаа замаасаа хүн авна аа

 

"Комбинат" орох хүн огцом чиглэлээ өөрчилж залуу охин суулгаад талбай орохоор одлоо.

 

Автобус хүлээсэн хүмүүс дундуур шуудайнд ганц ширхэг зэвхий даасан хашааны банз хийж үүрсэн дан цамцтай өвгөн аажуухан алхаад зам хөндлөн гарахаар зогслоо. Түлээ олоод үүрч яваа юм болов уу гэж санав. Саарал өнгийн приус машинтай эмэгтэй алсаас алгуурхан хурдаа хассаар гарцан дээр ирж зогсоод өвгөнийг өмнүүрээ гаргалаа. Тэр шуудайтайгаа үүрсээр гудамж өгсөн одлоо.

 

Автобус ирж явна. Гэхдээ энэ удаад түмний автобус биш Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчдын автобус өмнө ирж зогсмоор болсноо авах хүн нь алга бололтой хурдаа нэмээд яваад өгөхөд автобус хүлээсэн бид эрхгүй бүгд түүний араас харц дагуулсаар үлдлээ.

 

Сонато-6 ирж зогсоод “Саппоро мянга, саппоро мянга” гэхэд автобусны буудал дээр 10 гаруй хүн байсан ч суусангүй. Харин түүний араас “Саппоро таванзуу, саппоро таванзуу” гэж орилсоор ирсэн микронд дөрвөн ч хүн сууж одлоо.

 

Өнөө өглөө 06.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр цугларсан хүмүүс дунд лав талбай хүртэл таксидчих, таванзуун төгрөг илүү төлөөд Саппоро хүрэх “бэлтэй” хүн байсангүй.

 

“Дөрвөн өндөг авъя”

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас

 

06.41 цаг. Ашгүй, хойноос ХМК-Офицеруудын ордон гэсэн хаягтай автобус маань ирж явна. Суулаа. Хаана ч явсан сандал, суудал эзэгнэж явдаг эгч нар байдаг даа. Автобусны хамгийн арын хоосон суудалд очоод суух гэтэл “Энд хүнтэй” гээд гараа алдалчихаад нэг эгч хавьтуулсангүй. Араас гүйсээр ирж суусан бүсгүй суудлын эзэн болж таарлаа. Хамт ажилладаг дөрвөн бүсгүй Ханын материалын эцсээс л нэгэндээ суудал авсан нь энэ аж.

 

Бүсгүйчүүд нөхөр, хүүхэд, ойрмогхон бөөнөөрөө гарч жаахан суух тухай, сүүлд Загдаагийн тухай ч яриад амжив.

 

- Өчигдөр Загдаагийн лайвыг баахан үзлээ

 

- Хэхэ, харин тиймээ. Загдаа корона хоёроос л айх юм

 

-Тэр 16 настай охин нь аав руугаа дайрч орилоод шал тэнэг юм билээ

 

-Гүй ээ, харин тийн. Дүү нь явна гээд байхад

 

25 дугаар эмийн сангийн урдаас хойш чиглэлийн уулзвар дээр нэг ч машин алга. Харин дөрвөн тагтаа хоол хайн цемент тоншин хойш, урагш холхиж харагдана. Удалгүй тоосонд дарагдсан портер, пажеро маркийн автомашинууд ирж тэднийг дэрхийтэл нисгэв. ТБД андуудын замын урдах байрны хүүхдийн тоглоомын талбай дээр хоёр хөгшин хичээнгүйлэн дасгал хийж харагдана. Тэд амьдрахыг хүсч байгаа учраас эртлэн босч эрүүл байхын төлөө дасгал хөдөлгөөн хийж байгаа даа...Би ч бас амьдрах гээд л амны хаалтаа зүүгээд ажилдаа явж байна.

 

Тэдний өмнүүр зөрж өнгөрөх залуу унааны мөнгөгүй болоо юу гэмээр хачин уйтай газар ширтэн тайван алхаж явна. Үгүй эсвэл өглөөний нарны илч дулааныг мэдрээд амьдарч байгаадаа, ахиад нэг өдрийн нарыг харж байгаадаа баяртай алхаж байж ч болох юм.

 

Түгжрэлгүй замаар сүнгэнэтэл давхиулсаар автобус талбай дээр ирж зогслоо. Түрүүнд дурдсан дөрвөн бүсгүйн нэг нь ТҮЦ орж дөрвөн өндөг авч цүнхлээд цааш одлоо. Дараагийн настай эгч таван ширхэг парламент авсан бол хижээл насны ах сникерс худалдан авч, мөнгөө мобайлдаад Номын сан тийш алхлаа....Хүрээд очиход хэзээд онгорхой байдаг, ажиллана л гэсэн бол ажиллаж, онгойно л гэсэн бол цагтаа онгойж, хаадаг үйлчилгээний байгууллага гоё тэ. Талбайн урд талын автобусны буудлын ТҮЦ-ийн эгч яг тийм. Өглөө 06.00 цагаас хойш хэзээд ч очсон онгорхой, өндөг буцалгасан усны халуун уур төөнөж угтана.

 

“Коронагийн оношлуур яг жирэмсний тест шиг”

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас

 

Өчигдөр /2020.04.09/ харих замдаа автобусанд таньдаг эгчтэйгээ таарч, хол ойрын сонин хачин хуучиллаа.

 

Танил эгч /э/: Хүүе өнөөдөр нээрэн ХӨСҮТ орж коронавирусийн шинжилгээ өглөө

 

Түмний нэг /т/: Өө за,  хариу нь ямар гарав хэхэ

 

Э: Сөрөг, сөрөг. Нөгөө түргэн оношлуураар шинжилгээ өгсөн

 

Т: Тэр нь ямархуу юм байна. Ер нь яаж шинжилгээ авдаг юм байна

 

Э: Өндөгнөөс цус аваад бас хамарнаас арчдас авч байна лээ. Хамарнаас авсан сорьцийн хариу нь маргааш гарна гэсэн. Өндөгнөөс авсан цусны хариу нь их хурдан гардаг юм байна. Оношлуур нь яг жирэмсний тест шиг. Коронавирусгүй бол нэг зураас, коронатай бол хоёр зураас гардаг юм билээ.

 

Т: Хөөх тийм үү

 

Э: Харин тийн. Надад лав оношлуур бол худлаа хэлэхгүй л санагдсан. Оношлуурт итгэж болох юм билээ.

 

Т: Өө заза, ХӨСҮТ-ээр хөл хөдөлгөөн их байна уу

 

Э: Өө аймар аймар, ажил ёстой бужигнаж байх шиг байна лээ.

 

Бодолгүй ярьж, болзолгүй ирдэг хээгүйхэн эгч 10 дугаар хороолол ороод буулаа.

 

Энэ хүрээд энэ удаагийн тэмдэглэлээ төгсгөж байна. Ирэх долоо хоногийн баасан гарагт амьдралын олон өнгийг хуучилсаар ахин уулзъя.

 

Аан тийм, төгсгөлд нь илүү үглэхэд анзаараад байхад манай эрчүүд маск зүүх гэж “гурилдах” юм. Ихэнх эрчүүд амны хаалт зүүсэн ч хамраа дээгүүр нь гаргачихсан байх нь элбэг. Зарим нь ч амаа хаахаас илүүтэй эрүүн дороо аваачаад хумчихна, эсвэл чихэндээ өлгөчихнө. Тэгээд хамтдаа тамхилаад л, шүлсээ хаяж зогсоо дүр зураг хотын хаа сайгүй. Дэлхийг хамарсан цар тахлын үед тэндийг эрчүүд л юм чинь хэнэггүй, хээгүйдээ гээд хэлэлгүй өнгөрч боломгүй санагдах...Эхнэрүүд минь цаадуулдаа эрүүл мэнддээ хайртай бай гэж захиарай.

 

Ээ дээ, эр эм, хүүхэд хөгшингүй л хичээх хэрэгтэй өдөр хоногууд өнгөрч байна. Энэ хүнд өдрүүдийг энх тунх давж, коронаг "баяртай" гээд үдчихвэл хэдүүлээ адуутай, айрагтай наадмыг, намрыг ч үзнэ шүү дээ. Бодохоос баясал төрөөд болж өгөхгүй юм, ай сайхан даа...

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Нараа:
Дэгдэлт ихтэй орнуудад эрчүүдийн нас өвдөлт нас баралт өнөөдөр байгаа нь бас нэг зйүл хэлж байгаа шүү. Эрчүүдээ хэнэггүй зангаа түр хая даа. Маскаа зүү. Тамхи татаж бүү бөөгнөр, шүлсээ бүү хая.
2020-04-14
зочин:
таньдаг эгч .... бас л бодууштай
2020-04-14
ИРГЭН:
Таньдаг эгч чинь сэжигтэи тохиолдол болоод тест өгөөд ,тэгээд гадуур явах,шинж тэмдэггүи тээгч ,тэгээд хүнтэи хууч хөөрөх ,,эвгүи санагдчихлаа
2020-04-11
Зочин:
Хэ хэ үнэхээр тэр жирэмсний нэг зураас хоёр зураас гардаг шиг тийм тест гарсан юм шиг байна лээ нэг зураас ковидтой болоогүй хоёр зураастай байвал ковидтой болсон гээд
2020-04-11
Иргэн:
Ухаан санаа чинь зүгээр үү
2020-04-11
Гоё:
Гоё болсон байна. фото зураг, график үзүүлээд ар фон дээр нь текстээ уншчих. Ийм хагас видео хийдэг Апп зөндөө байдаг. Тэгээд тэр видеогоо юТүүб болон фэйс дээр байрлуулчих. Ийм юм хийх чадамж таньд хүрэхгүй байгаа бол юТүүб ажилуулдаг залуустай богино хугацааны гэрээ хийчих. Таньд зураг текст буюу богино видео контентын зохиол бичиж өгье та түүнийг сошиал дээр байршуул гэх мэт.
2020-04-11
өндөгний уур буцлах аа ккк.
2020-04-10
hunii erhend notstoi haldaj bga ene uildlee bolioch hyanalt tawidag gazruud ni anhaaraldaa awaach
2020-04-10
Иргэн:
Ухаан санаа чинь зүгээр үү
байнгын уншигч:
одоо ХМК-Офицероос өөр автобусанд "сууж" үзмээр байнаа :))) гоё дүрслэлтэй бичдэг шүү.
2020-04-10
T:
Cool
2020-04-10