Ким Жон Ун гэнэтийн сургуулилалт хийжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун минометийн хэлтсүүдийг оролцуулсан төлөвлөгөөт бус артиллерийн сургуулилт хийсэн талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээллээ.
"Манай нам, төр, зэвсэгт хүчний удирдагч нөхөр Ким Жон Ун Солонгосын ардын армийн корпусуудын минометийн хэлтэсүүдийн артиллерийн буудлагын сургуулилалтыг удирдлаа" хэмээн агентлаг мэдээлээд энэхүү сургуулилалт нь "гэнэтийнх" байсан гэж онцолсон байна.
Энэ сургуулилалтын зорилго нь " Солонгосын ардын армийн корпусууд дахь минометчдын байлдааны бэлэн байдлыг шалгах" явдал байсан бөгөөд сургуулилалт "тэмцээн хэлбэрээр" явагдсан гэнэ. БНАСАУ-ын тэргүүн сургуулилалтын үр дүнд сэтгэл ханамжтай байсны дээр "бахархал, талархлаа илэрхийлсэн" гэж мэдээлэлд онцолжээ.
Энд дуулгахад, энэ удаагийн минометийн сургуулилалт нь 2020 он гарснаас хойш тус улсад артиллерчдын дунд зохион байгуулсан гурав дахь тэмцээн аж. Өмнө нь гуравдугаар сарын 12 болон 20-ны өдрүүдэд Ким Жон Ун дорнод болон баруун эрэгт байрлалтай артиллерийн хэсгүүдийн буудлагын сургуулилалтыг удирдаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ