COVID-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 11.9 мянгад хүрчээ
2020-04-10

 

Сүүлийн нэг хоногт Орост COVID-19 вирусийн халдвар авсан 1786 тохиолдол нийт 57 бүс нутагт бүртгэгдэж, 18 хүн нас баржээ. Ингэснээр Орос дахь халдварын тохиолдол 11.9 мянга болсон гэж Вирустэй тэмцэх шуурхай штаб мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Москва хотод сүүлийн нэг хоногт 1124 халдварын тохиолдол илэрч, 12 өвчтөн нас баржээ. 

 

Мөн Краснодарын хязгаарт хоёр, Марий Эл, Нижегород муж, Стапропольскийн хязгаар, Ямал-Ненецийн автономит тойрогт тус бүр нэг хүн нас барсан бөгөөд тахал дэгдсэнээс хойш Орост нийтдээ 94 хүн вирусийн улмаас нас барсан байна. 

 

ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүмүүсийн 43 хувь нь 18-45 насныхан, 36.5 хувь нь 46-65, 15 хувь нь 65-аас дээш насных, үүнээс 3.5 хувь нь 80-аас дээш насны хүмүүс байгаа гэнэ. Түүнчлэн өвчтөнүүдийн 5.5 хувийг хүүхдүүд эзлэж байгаа талаар шуурхай штабаас дамжуулжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин