Хосгүй үнэт үзмэр: Ямандаг бурхан
4-13

Монголын Үндэсний музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Өнөөдрийн дугаарт XIX-XX зууны үед холбогдох “Ямандаг бурхан” үзмэрийг толилуулж байна.

 

 

Ямандаг бурхан

 

Холбогдох он цаг: XIX-XX

 

Материал: Гууль, шармал, оюу

 

Хэмжээ: 18.7 x 10.3 x 22см, жин: 3695гр

 

Санскритаар Ямандаг, Төвөдөөр Жигжид, Монголоор Аюулган үйлдэгч хэмээгч утгатай арван хангал бурхдын нэг юм. Ямандаг бурхан нь Оюун билгийн бурхан Манзуширийн догшин дүр агаад сүм хийдийн шашныг хамгаалагч бурхан гэгддэг.

 

Монголын Үндэсний музейд хадгалагдах Ямандаг бурхан нь алт шармал лагшинтай, есөн тэргүүнтэй, гучин дөрвөн мутартай арван зургаан өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн хөл доороо 4 хүн, 7 гөрөөс, зүүн талын найман өлмийгөө гадагш жийж хөл доороо 4 хүн, 8 шувуу гишгэсэн, өмнөө өөрийн дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дэлбээ бүхий суурин дээр оршино. Доржролонмааг эцэг бурхнаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутартаа цустай гавал барьж, эцэг бурхны хүзүүний баруун талаас тэвэрсэн байна.

 

Ямандаг бурхан нь ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэрүүдийг айлган, хортныг хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч гурван ертөнцийг агшин зуур туулах ба ердийн үедээ өөрийн язгуур үсэг “хум” тарнийг давтан уншдаг ажээ.

 

Энэхүү Ямандаг бурхныг Ц.Аюушийн эрдэм шинжилгээний тодорхойлолтоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлийн бүртгэлд бүртгэжээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайхаан
2020-04-14