Муу бүхэн сайн талтай буюу түүхэн дэх тахлууд хүн төрөлхтөнд юу сургав?
2020-04-13

Зоос хоёр талтай байдагчлан муу зүйлд ч сайн тал бий. Бид өнөөдөр дэлхий дахиныг бүрхсэн цар тахлыг гамшиг мэтээр хүлээн авч байна. Үнэхээр л  цар тахал олон хүний амь насыг авч одон, эдийн засаг зогсонги байдалд орох зэргээр дэлхий дахиныг гамшгийн байдалд оруулж байна. Гэхдээ хүн төрөлхтөн түүхэндээ туулсан гамшиг, тахлаас сайн дадал олж авсан нь бишгүй. 

 

Савангийн хэрэглээг нэвтрүүлсэн тахал 

Юстинианы тахал /551-558 он/ Европд дэгдэн, 100 сая орчим хүний амь насыг авч оджээ. Орост 1654-1655 оны хооронд дэгдсэн тахлын улмаас 700 мянган хүн амиа алдсан байна. Мөн л энэ үеэр Лондонд дэгдсэн тахал энэ хотын хүн амын бараг дөрөвний нэгийг нөгөө ертөнц рүү илгээсэн гэдэг. 

 

Энэ үед хүн төрөлхтөн хувийн ариун цэвэр сахих дадал зуршилд хараахан суралцаагүй байж. Хүмүүсийг ариун цэврээ сахиж сургахын тулд олон зуун жил шаардагдаж, энэ хооронд олон ч тахал, халдвар өвчин дэгджээ. 

 

Европд ихэс дээдсийн ордонд 1760-аад оны сүүлээр л анхны ариун цэврийн өрөө бий болсон бол Орост энэ соёл Английг дуурайх "моод" дэлгэрсэнтэй зэрэгцэн орж иржээ. XVIII зууны сүүл үеэс Англид дэлгэрсэн "денди" буюу гадна төрх, зан байдал, биеэ авч явах, үг яриагаараа чамин ихэмсэг, өө сэвгүй байхыг эрхэмлэсэн эрчүүдийн энэ хэв маяг Англиас хүрээгээ тэлж Европ даяар тархжээ. 

 

Энэ хөдөлгөөний Орос дахь анхдагчдын нэг нь суут зохиолч Александр Пушкин байсан гэх. Оросын "денди" нар дадал зуршлын шинэ загварыг сурталчилж эхэлсэн бөгөөд үүнд өдөр тутам дотуур хувцсаа солих, өглөө усанд орох, арьс нь цэвэр, суга нь үнэргүй байх зэрэг багтаж байлаа. 

 

Булчин задрах тахал орчин үеийн хотуудыг "бүтээв"

Өнгөрсөн үеийн томоохон хотууд хэт шигүү байршсан, ариун цэврийн хувьд тааруу гээд булчин задрах тахал дэгдэхэд таатай нөхцөлтэй байжээ.

 

1832 онд Нью-Йорк хотноо энэ тахал дэгдсэний улмаас 250 мянган хүн амаас 3515 хүн нас барсан бөгөөд өдгөө найман сая хүн амтай энэ хоттой харьцуулвал 100 мянган хүн амиа алдсантай тэнцэх юм. 

1854 онд Лондонгийн эмч Жон Сноу өвчний шалтгаан нь бохирдсон ундны ус гэдгийг тогтоожээ. Ажил дээрээ өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвшөөрсөн шар айраг нэрэх үйлдвэрийн ажилтнууд  шар айргаа уун, ус бараг уухгүй байсан тул өвчин тусахгүй байгааг эмч ажиглажээ.  Ингээд Жон Сноу эмч өвчлөлийн бүхий л тохиолдлын зураглалыг гаргаж, халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Сохо дүүрэг дэх гудамжны ус түгээгээрүүээс ус авсан гэдгийг олж мэдсэн байна. Харин энэ худаг тэндэхийн хог хаях цэгтэй ойр байсан бөгөөд энд нэгэн ээж холер өвчинтэй хүүхдийнхээ бохирдсон живхийг хаясан байжээ. 

 

Энэ үйл явдал ариун цэвэр, эрүүл ахуйн хувьсгалын эхлэлийг тавьсан гэдэг. Булчин задрах тахлын улмаас хог хаягдлыг тусгай газар руу зөөдөг, хотын усан хангамжийн төвлөрсөн системтэй, ариутгалын татуургатай хот байгуулах ажил ингэж л эхэлжээ. 

 

Сүрьеэ

 

XIX зууны сүүл үеэр дэлхий даяар долоо хүн тутмын нэг нь сүрье өвчнөөр нас барж байв. Германы эмч Роберт Кох  өвчний шалтгаан нь бактери гэдгийг нээсэн нь халдвар тархаах үндэс болдог олон уламжлалыг мөхөөжээ. Тухайлбал, тариачид дундаа нэг саванд хоол хийж, түүнээсээ хоолоо хуваалцан идэх, эсвэл нэг аяганаас уух зэрэг нь энгийн л үзэгдэл байв. Харин Кох эмчийн нээлт энэ бүхнийг өөрчилж чадсан гэдэг. 

 

Хорьдугаар зууны эхээр сүрьеэгийн эсрэг аян өрнөж, гудамж талбай, олон нийтийн газарт нус, шүлсээ хаяхгүй байхтай тэмцэж эхлэв. Барууны орнуудад энэ зүй бус үйлдэлтэй тэмцэхийн тулд хуулийн зохицуулалт хийж, аажмаар хүмүүс  гудамж, талбайд нус, цэрээ хаялгүй биеэ авч явж сурчээ.

 

COVID-19 бидэнд юу сургах вэ?

 

Гар барилцах, уулзахдаа нэгнээ үнсэх зэрэг уламжлал энэ цар тахлын үеэр, түүнээс хойш ч мартагдаж магадгүй гэдэг нь хэдийнэ тодорхой болжээ. Гадуур явахдаа улирлаас үл хамааран бээлий өмсдөг язгууртны хэв маяг эргэн ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Мөн хаалга автоматаар онгойх, цахилгаан шатыг дуу хоолойгоор удирдах зэрэг технологийн хувьд бүрэн боломжтой шийдлүүд өдөр тутмын амьдралд өргөнөөр нэвтэрч мэднэ. 

 

Түүнчлэн техникийн шийдэл нь хэдийнэ бэлэн болсон ч  бид тэр бүр ашиглахгүй байсан олон арга боломжийг хүссэн ч эс хүссэн ч ашиглах шаардлага тулгарав. Тухайлбал, банканд дугаарлалгүй байр, цахилгааны төлбөр гээд өдөр тутмын хэрэглээний төлбөрийг гар утсаараа төлөх боломжтой ч олон хүн үүнийг ашиглалгүй цаг хугацаа алдан банканд дугаарласаар л байсан. Бичгийн ажил хийдэг хүмүүс гэрээсээ ажиллах боломжтой ч ажлын байранд очиж, олон зардал чирэгдэл гаргасаар л байсан.  Харин энэ бүхэн цар тахлын дараа өөрчлөгдөн, бид техникийн дэвшилтэйгээ хөл нийлүүлэн алхах цаг үе холгүй. 

 

 

Shuud.mn
Сонин хачин