Г.Загдааг баривчилсан ШАЛТГААН

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдөр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсан. Тэгвэл гудамжны, тэнэмэл гэж нэрлэгддэг, хүнд хэцүү амьдралтай иргэдийг орох орон, идэх хоолтой болгосон “ачтан” Г.Загдааг юунд буруутгаж, яагаад баривчлав? Тэр буруутай юу, төр буруутай юу?
Энэ асуултад ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат хариулт өглөө.
Г.Загдаа буруутай юу?
Цагдаагийн байгууллагад 2020.04.09-ний өдөр иргэн Х-аас иргэн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдол ирсэн. Гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээллийг хүлээн аваад, хэрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үндэслэн хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах бүрэн эрхтэй.
Мөн цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбогдуулан түүний үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. Тухайлбал, БЗД-ийн иргэн Г.Загдаа иргэн М, Б нарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хэргээр БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад дүүргийн прокурорын газарт шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 23.1.1 дүгээр зүйл, 12.1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
- НИЙТИЙН АЛБАНЫ АШИГ СОНИРХЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах албаны мэргэжил аргазүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан, БЗД-ийн цагдаагийн алба хаагчид, цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбооноос ирсэн гомдол мэдээллийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.21, 15.1.2 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнийг тогтоосон. Үүний дагуу түүнд 2 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль нэгдүгээр сарын 27-ны өдөр оногдуулсан.
Хойшлуулшгүй тохиолдлоор баривчлах ҮНДЭСЛЭЛ:
1. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулахыг хойшлуулашгүй тохиолдол гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэгтэн оргон зугтах, нотлох баримт устаж үгүй болох зөөвөрлөгдөх бодит аюул байна гэж үзсэн тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчилдаг.
2. Гэмт этгээдийг хохирогч, гэрч шууд заасан тохиолдолд хойшлуулшгүй тохиолдлоор баривчилдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаар Г.Загдааг баривчилсан.
Цагдаа “сүрийг” үзүүлсэн ШАЛТГААН:
“Энэ бол хэрэг бүртгэлтийн явцад цугларсан бодит баримтад тулгуурлан хийсэн үйл ажиллагаа. Гэмт хэргийн шинжтэй дуудлагаар очсон цагдаа, төрийн алба хаагчийг доромжилдог, нэр төрд нь халддаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уриалан турхирах зэргээр ёс зүйгүй авирладаг учраас цагдаагийн алба хаагчдыг оролцуулсан. Цагдаагийн байгууллагын үндсэн зорилго урьдчилан сэргийлэх учраас хамгаалалтад үндэслэн ажилласан.
Г.Загдааг суллах уу?
Цагдан хоригдоогүй байгаа. Хойшлуулшгүй тохиолдлоор иргэнийг саатуулсан бол 48 цаг баривчилна. Дараа нь цугларсан нотлох баримтуудаа прокурорын байгууллагад шилжүүлээд шүүхэд цагдан хорих эсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх санал тавьдаг хуулийн зохицуулалттай.
Төрийн “хаясан” иргэдийг Г.Загдаа “өсгөсөн” үү?
“Зөв амьдрах ухаан” ТББ-д 130 гаруй иргэн, 42 хүүхэд байсан. Хүүхэд хамгааллын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгэм халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн халамжийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд явуулж болно гэж заасан байдаг. Гэрчилгээг нийгэм, халамжийн байгууллагууд олгодог. Тиймээс төр тэдгээр хүмүүсийг орхисон зүйлгүй. Төрийн үзүүлэх үйлчилгээг төрөөс өгсөн мөнгөөр тухайн байгууллага гүйцэтгэж байсан гэж ойлгож болно. Хэрэгт авагдсан бодитой нотлох баримтыг үндэслэн яривал Нийслэл, дүүргийн халамж үйлчилгээний байгууллагуудаас 2013-2019 оны хоорон хугацаанд 695 сая төгрөг олгосон байдаг. Тэгэхээр төр хэзээ ч иргэдээ орхиогүй.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ