COVID-19: ОХУ-д өвчтөнүүдийн 40 гаруй хувь нь өвчний шинж тэмдэггүй байна
2020-04-14

Орост COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдаж байгаа шинэ тохиолдлуудын 40 гаруй хувь нь өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй байгаа гэнэ. Энэ талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай цахимаар хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.

 

"Өчигдөр илрүүлсэн тохиолдлуудын 22 хувь нь эмнэлэгт ирэхээс өмнө өвчилсөн, 25 хувь нь амьсгалын замын хурц вирусийн өвчлөл, харин 41 хувь нь эмнэлзүйн ямар ч шинж тэмдэггүй байсан" гэж Анна Попова өгүүлжээ.

 

Түүнчлэн COVID-19 вирусийн халдвар авсан ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа өвчтөнүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгааг Попова онцолсон бөгөөд түүний өгүүлснээр дөрөвдүгээр сарын эхээр энэ үзүүлэлт 12-15 хувь байжээ.

 

Гэхдээ энэ үзүүлэлт нь "өвчтөн бүрийг хянах, түүний хавьтагчдыг илрүүлэх өргөн цар хүрээтэй ажил хийж байгаагийн үр дүн" хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газрын дарга онцолсон байна.

 

Энд дуулгахад, ОХУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд COVID-19 вирусийн халдварын тохиолдол 2558-аар нэмэгдсэнээр нийт 18 328 болсон юм. Орост вирусийн халдварын улмаас 148 хүн нас барсан бол 1470 хүн эдгэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин