Чернобыльд гарсан гал цацраг идэвхт хаягдлын агуулахад ойртжээ
2020-04-14

Чернобылийн тусгаарлалтын бүсэд гал гарсныг унтраагаагүй, атомын цахилгаан станц руу ойртож байгаа талаар Украины АЦС-ын оператор компани болох "Энергоатом" цөмийн эрчим хүчний үндэсний компанийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Дегтярнко анхааруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Энэ бүсэд гарсан гал цацраг идэвхт хаягдалтай агуулах руу тун ойртож очсон бөгөөд нөхцөл байдал тун эрсдэлтэй байгаа талаар Тусгаарлалтын бүсийн удирдлагын улсын агентлагийн дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн Ярослав Емельяненко Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

"Одоо гал түймэр Припять хүрсэн, Чернобылийн бүсийн хамгийн өндөр идэвхт цацрагийн хаягдал болон атомын цахилгаан станцын хаягдлууд байдаг "Подлесный" цацраг идэвхт хаягдал хадгалдаг газраас хоёр километрийн зайд байна" хэмээн тэрбээр бичжээ.

 

Емельяненкогийн өгүүлснээр одоо атомын цахилгаан станцын чигт салхитай байгаа тул гал түймэр энэ станц руу улам ойртож байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Чернобылийн тусгаарлалтын бүсийн нутаг дэвсгэр дээр гарсан ойн түймрийг унтраахаар гал сөнөөгчид хоёр доллоо хоногийн туршид ажиллаж байгаа юм байна. Гал Припять голын зүүн эрэгт тархаж, атомын цахилгаан станц руу ойртон очжээ. Галын улмаас атомын цахилгаан станцын орчимд байх орхигдсон суурингууд, цацраг идэвхт ой шатсан бөгөөд түймрийг унтраахад нисэх хүчин ч оролцож байгаа гэнэ.

 

Галыг санаатай тавьсныг олж тогтоон, Киев мужийн нэгэн тосгоны 27 настай оршин суугчийг буруутган баривчилжээ. Тэрбээр энэ бүс нутагт "зугаацахын тулд" гурван газарт хог, өвс шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дашрамд дуулгахад, одоогоос 34 жилийн тэртээ 1986 онд Чернобылийн АЦС дээр тооцоолол дээр алдаа гарсан, мэргэжилтнүүдийн хайнга ажиллагаанаас болж дөрөвдэх эрчим хүчний блок дэлбэрсэн юм. 


Атомын цахилгаан станцд гарсан дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхит бодис тархаж, Украинд 12 мужид 50 мянган кв.км газар бохирдсон байна. Түүнчлэн радио идэвхит бохирдлын нөлөөнд 60 мянган кв.км газар нутгийг эзлэсэн 2,6 сая хүн амтай  Оросын 19 бүс нутаг, мөн Белоруссын  нийт нутаг дэвсгэрийн 23% нь өртжээ. 

 

Ийнхүү олон жилийн өмнөх ослоос үүдэлтэй аюулт хог хаягдал Чернобылийн тусгаарлалтын бүсэд хадгалагдаж байгаа бөгөөд галд шатвал цацраг идэвхт бодис агаарт тархан, улмаар зэргэлдээх бүс нутгууд руу нүүдэллэх өндөр эрсдэлтэй байгаа аж. 

 

ВИДЕО: Чернобыльд гарсан гал АЦС руу ойртож байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин