COVID-19: Ялалтын парадыг хойшлуулна
4-16

Ирэх сарын есний өдөр болох Ялалтын парадыг хойшлуулах шийдвэрийг Кремль гаргасан талаараа ойрын үед зарлана гэж ВВС, Интерфакс агентлагууд мэдээлжээ. 

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлтэй ойр эх сурвалж ВВС агентлагт мэдээлснээр цар тахлын улмаас Ялалтын парадыг хойшлуулж байгаа гэнэ. 

 

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг хойшлуулахаар болсон тухай Оросын Ерөнхийлөгчийн захиргаа, Батлан хамгаалах яамны мэдээлэлтэй ойр эх сурвалжууд Интерфакс агентлагт ч мөн мэдээлэл өгсөн байна. 

 

Интерфаксын мэдээлснээр, ёслолын ажиллагааг хойшлуулах тухай өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр зарлаж магадгүй бөгөөд Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр энэ талаар мэдээлнэ гэж эх сурвалжууд өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Ялалтын парадыг зургадугаар сарын 24-нд буюу 1945 онд маршал Георгий Жуковын удирдсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын гуравны өдөр зохион байгуулахаар хойшлуулж болзошгүй гэж Төрийн Думын батлан хамгаалахын хорооны дарга Владимир Шаманов мэдэгдэж байв.

 

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Оросын ахмад дайчдын холбоонынхон тавдугаар сарын есөнд Москва хотноо болох парадыг хойшлуулах хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээжээ. 

 

Энэ хүсэлтэд "Харамсалтай нь дэлхий дахины нөхцөл байдлын улмаас парад зохион байгуулах үед иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах баталгаа өгөх боломжгүй боллоо" хэмээн онцолсон  байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин