Хосгүй үнэт үзмэр: Бугын эврэн элэгтэй нум сум
2020-04-16

Монголын Үндэсний музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Өнөөдрийн дугаарт XI-XII зууны үед холбогдох “Бугын эврэн элэгтэй нум сум, үйсэн хоромсого, бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд”-ыг толилуулж байна.

 

 

Материал: Үйс, мод, төмөр, өд

 

Хэмжээ: Нум урт 117см*10см, сум 79см*09см, 90гр

 

Холбогдох он цаг: XI-XII зуун

 

Бугын эврэн элэгтэй нум сум Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн сумын төвөөс хойш 45км зайд орших Арцат дэл хайрхан уулын агуйн хадны оршуулгаас 1999 онд олджээ. Энэхүү булшнаас гарсан Бугын эврэн элэгтэй нум, Үйсэн хоромсого, Бургасан мөстэй төмөр зэвт сумнууд зэрэг нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн нүүдэлчдийн булшнаас гардаг эд өлгийн зүйлстэй ижил төстэй бөгөөд Төв азийн нүүдэлчдийн ахуй амьдралын дүр төрхийг бүрэн илтгэн харуулж чадах хосгүй үнэт олдворууд нь өдгөө Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Бугын эврэн элэгтэй нум, сум нь байлдааны үндсэн зэвсэг болно.

 

Судлаачид Монголчуудын байлдан дагууллын амжилт тухайн үеийн соёлын чухал өвийн нэг нь Азийн тахир нумын сонгодог хэлбэрийг хадгалсан Монгол нум хэмээдэг. Энэхүү холын тусгалтай байлдааны зэвсэг нь их бие, хөвч, бариул, нум зэрэг олон эд ангиас бүрдэнэ. Нумыг янгирын эвэр, амьтны шөрмөс, мод, хусны үйс болон бургасаар хийдэг байжээ. Үйсэн хоромсого: Хоромсогны нийт урт 89,7см, үүнээс сум авах амсрын урт 18,5см, амсрыг хийхдээ зорж нимгэлсэн хус модыг хагас дугуйруулан матаж түүндээ үйсээ нарийн сураар үдэн тогтоож хусныхаа хоёр үзүүрийг хоромсогны хоёр талын бэхэлгээ модтой холбон үджээ.

 

Бортгон хоромсогны ёроолын голч 14,5-9,5см хэмжээтэй байна. Уг хоромсогны ёроолоос 41,5см-ий зайд, харин нөгөө сэнжний нүх хоромсогны оройгоос 8см-ийн доор байх ба хоёр сэнжийг хоромсогны хажуу бэхэлгээ модонд сураар үдэж тогтоожээ. Уг хоромсогны нүүрэн талын бэхэлгээ мод доороосоо 7см хиртэй хугарсан (Хугархай байхгүй) нүүр талын бэхэлгээний одоо байгаа урт 64см болно. Бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд: Дээрхи үйсэн хоромсогонд нийт 19 ширхэг сум байсны 15 нь бүрэн бүтэн хадгалагджээ. Энэ сумнуудын уртын хэмжээ нь 81см-77,5 см-ийн хооронд байна. Сумны зэвүүд хийц хэлбэрийн хувьд 6 өөр төрлийн байна.

 

Энэхүү археологийн олдворууд нь он цагийн хувьд судлаачдын үзэж байгаагаар дундад зууны үед хамаарагдах эд зүйлс болох нь тогтоогдсон бөгөөд иж бүрдэл, хадгалагдаж үлдсэн байдал зэргээрээ түүх археологийн цорын ганцад тооцогдох дурсгал юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
shine muzeidee tavikh xeregtei
2020-04-16
Түрэг гээд байх юм даа .Манай эрдэмтэд эртний монголчууд гэдгийгэж батлаад бхад.
2020-04-16
Нумчин:
Энд байгаа сум агуулах савыг "хоромсого" биш, "ховд" гэдэг юм.Нэрийг нь засаарай.
2020-04-16