АВТОБУС №33: “Пөөх, 100 мянгаар уу"
2020-04-17

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Баасан гарагийн мэнд. Байнгын уншигч маань намайг “ХМК-ОФицер”-оос өөр чиглэлийн автобусанд суухыг зөвлөсөн тул энэ удаад Таваншараас Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран чиглэлийн автобусанд сууж Андууд хүрч буулаа. Тэндээс унаа сэлгэж, урагш гүүр давав. Гүүрний наана цаана хотын амьдрал хоёр янз байх юм. Захын ялгаа нь зүүсэн маскнаас харагдаж байна. Манай Ханын материал, Таваншар, Толгойт чиглэлийнхэн гар хийцийн цэвэр даавуун, ганц удаагийн амны хаалт ихэвчлэн зүүдэг. Харин урагш гүүр давангуут пм хэд хэд ч билээ дээ, эмнэлгийн зориулалттай, давхар шүүлттэй зэргийг голдуу зүүсэн харагдана. Илүү үгээ орхиж ээлжит автобусны тэмдэглэлээ эхлүүлье.

 

Овчарктай ах

 

 

Жиндүү намар шиг цас бударсан сэрүүхэн энэ өглөө автобус явсаар ТБД андууд дээр ирж зогслоо. Ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөөний арын талбайд өглөө бүр цэнхэр куртиктай, саравчтай малгайтай ахимаг насны ах ижилхэн хоёр овчаркаа салхилуулдаг. Өглөө бүрийн яг 08.30-.09.00 цагийн хооронд энэ гурав эрхлэн тоглож л байна. Эзнийхээ шидсэн бөмбөгний араас гүйсээр ядраад, нар ээн нүдээ анин аахилж хэвтэх ноход, тэдний толгойг илж эрхлүүлэх эзэн гурав бодож санах зүйлгүй цаанаа л жаргалтай санагдаад байдаг юм. Энэ удаад хараад өнгөрөх биш зорьж очиж тэр ахтай яриа өрнүүлэхээр автобуснаасаа буулаа.

 

Түмний нэг /Т/: Ахаа, танай нохойнууд урахгүй биз дээ. Би орж болох уу?

 

Ах /А/: Урах хүнээ урна, урахгүй хүнээ урахгүй гэсээр ах надад хашааны завсрыг нээж өгөөд дотогш орууллаа.

 

Т: Та гурав өглөө бүр яг энэ цагт энд салхилж харагддаг.

 

А: Чи бид гурвыг орой хардаггүй юм уу. Орой бас яг есөн цагт гарч ирж салхилдаг юм.

 

Т: Өө тийм үү, нохойнуудаа өдөрт хоёр л гаргадаг хэрэг үү?

 

А: Тийн. Өглөө ажилдаа явахаасаа өмнө нэг гаргана, орой харьж ирээд нэг гаргана.

 

Т: Та гурав үнэхээр жаргалтай харагддаг шүү хэхэ.

 

А: Хийх ажилгүй хөгшин, хоёр нохойгоо эрхлүүлээд л гоё юмаа гэж бодсон уу. Би одоо энэ хоёрыг цаг гаран салхилуулчихаад ажилдаа явна шүү дээ хэхэ

 

Т: Зүгээр л өглөө бүр та гурвыг харахаар сайхан санагдаад байдаг. Бодох санах юмгүй амар амгалан ч гэх юм уу хэхэ. Бас өдөр бүр яг нэг цагт нохойгоо салхилуулж байна гэдэг асар хариуцлагатай л эзний шинж.

 

А: Өө энэ хоёр чинь өглөө яг 08.30 гээд гараад сурчихсан. Цаг нь болонгуут гарах гээд л хажуугаар гүйгээд л жижиг нь бол бүр унтуулахгүй нүүр долоогоод л эхэлнэ шүү дээ

 

Т: Хэхэ, энэ хоёр хэдэн настай вэ, та хэр удаан тэжээж байгаа юм бэ?

 

А: Ээж, хүү хоёр шүү дээ. Эмийг нь гурван жил тэжээж байна. Эр нь одоо нэг настай. Их сахилгагүй, яг л жаахан хүүхэд шиг наадах чинь.

 

Т: Хоёр нохой тэжээх хэцүү байх даа?

 

А:Өө нохой тэжээх чинь их тэвчээр шаарддаг, хариуцлагатай ажил шүү дээ. Эхний зургаан сар гэрт бие засна, хоол унд нь тохирохгүй өвдөнө, үс нь унана. Хүмүүс тэжээнэ тэжээнэ гэж авчихаад энэ бүхнээс нь шантраад гаргаад хаячихдаг. Тэгж болохгүй шүү дээ. Эд нарт чинь эзнээс нь өөр хэн ч байхгүй амьтад шүү дээ чааваас. Бас байрныхан ад үзнэ. Намайг ч хөгшин юм болохоор юм хэлж чаддаггүй. Хүүхдүүд нохой хөтлөөд явж байгааг хараад их л уурладаг юм билээ.

 

Т: Ажилдаа явахдаа гэрт нь түгжээд үлдээчих үү?

 

А: Нэгийг нь тагтан дээр үлдээчихдэг юм. Нөгөөхийг нь гэрт. Хамт үлдээчихээр тоглоод ноцолдоод гэр буулгачихаад байдаг юм.

 

Т: Энэ хоёрт хүрч болох уу, Хазчихгүй биз дээ?

 

А: Нохой өөрт нь сайн байгаа хүнийг мэддэг, мэдэрдэг байхгүй юу. Өөрт нь муу хандаж байгаа хүнд уурлана, архина.

 

Ахтай ийн яриа өрнүүлээд сайн сайхныг хүсээд саллаа. Хоёр нохой нь их гоё нэртэй байсан. Нэг нь лав Люси, нөгөөхийг нь мартчихаж. Мөнгөөр худалдаж авч болох цор ганц хайр бол нохой гэж үг бий. Нохой тоглоом биш. "Тэр хайрладаг, гомддог, уучилдаг, итгэдэг, хүлээдэг бүхэл бүтэн ертөнц” гэж ах хэлсэн.  Та гоё шүү, ахаа.

 

“Автобус хэзээ ийм гоё болчихсон юм бэ”

 

 

Андуудаас Номын сан хүрч тэндээс Зайсан-Цэцэг төв-Хайлааст чиглэлийн автобусанд суугаад гүүр давлаа. Автомашиных нь дугаар явдаггүй өдөр тул автобусанд суухаас аргагүйд хүрсэн гял цял залуучууд баахан дурамжхан хямсганасаар орж ирээд, өмднийхөө шуумгыг гөвж харагдана. Налчийтал гелдсэн үсэндээ нарны шил тогтоосон, урт шаргал цув, гялтганасан бажаанктай /ботинк/ өндөр залуу өөр нэг найзтайгаа хамт яваа. Ганган эр оюутан цагаасаа хойш автобусанд суугаагүй явсаар олон жилийн дараа ийн сууж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнөх хир даасан суудалтай, шалан дээрх шалбааган дээр нь халтирч унамаар хачин муухайгаар төсөөлж явсан юм уу, өнөөдрийн нийтийн тээврийн өнгө төрх өнөөх ганган эрийн хүлээлтийг давав бололтой  “Автобус хэзээ ийм гоё болчихсон юм бэ” гэж уулга алдана лээ.

 

Ганган залуу /Г/: Автобус ёстой цэвэрхэн болсон байна шүү. Би чинь оюутан байхдаа л автобусанд суудаг байсан. Тэрнээс хойш суугаагүй шүү дээ.

 

Найз /Н/: Юу вэ, тав зургаан жил болж байгаа юм уу

 

Г: Харин тийм байна шүү дээ. Өнөөдөр харин машин явахгүй, таксины мөнгөгүй автобусанд суулаа. Хүүш ээ төгсөөд тийм их хугацаа өнгөрчихсөн хэрэг үү хэхэ. Хоёулаа уулзсаных ганц сэлфидчихье. Тэгээд ангийн группт оруулъя. Алив наашаа зогс, өнцгөө ол

 

Н: За тэгээд фэйсбүүкдээ тавьчихав.

 

Г: Группт л тавина ш дээ. Тайлбарыг нь юу гэх үү. "Ангийн хоёр автобусанд". Аая тэгээд биччих үү, эсвэл автобусанд амьдармаар, тухтай, цэвэрхэн болжээ гээд биччих үү хэхэ.

 

Н: За мэдэхгүй ээ өөрөө мэд.

 

Г: Нээрээ энэ автобусны цэвэрлэгээ илт сайжирсан байна шүү. Бас хөөрхөн гар ариутгагчтай ай. Шаланд нь тольдчихмоор ч юм уу хэхэ

 

Н: Аахаан. Нийтийн тээвэр хариуцсан хүн нь нэг аятайхан сэтгэлтэй хүн очсон юм шиг байна лээ. Отгонсүх гээд нийтийн тээвэр хариуцсан орлогч гэл үү, тэр хавьцаа албан тушаалтай нэг хүн байдаг юм билээ. Манай Дээгий ах нийслэлийн нэг албанд ажилд орсон шт. Намар Налайхын замын нээлтэн дээр ахтай хамт очоод харж байсан юм.

 

Г: Өө заза,  ингээд хөөрхөн байгаад байвал хэн шүүмжлэхэв дээ тэ хэхэ

 

Автобус явсаар “Оргил” худалдааны төвийн буудал дээр ирж зогсоход хянагч, шалгагч нар зорчигчдыг маскаа зүүхийг сануулж байлаа. Нэг нөхөр маскгүй дайрч орох гэтэл түүнд шаардлага тавихад “Уучлаарай гэртээ мартчихаж, одоо буугаад авна аа” гээд суув. Хянагч түүнд энэ удаад сануулаад өнгөрье. Дараагийн удаа 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг хэлэхэд сайх эр “Пөөх” гэж уулга алдаад суулаа.

 

Ганган залуу, найздаа хандан дахин яриа дэлгэж

 

Г: 100 мянга гэнэ үү?

 

Н: Мхн. Зөрчлийн тухай хуулиар тийм заалттай юм билээ.

 

Г: Арай их үү, үгүй юу. Гүй ээ яахав маскаа зүүгээд байхад торгуулахгүй юм чинь харин ч хэнэггүй гаруудын хэтэвчтэй нь яриад эхлэхээр ухаан суух юм уу.

 

Н: Харин тийн. Өө тэгээд манайхан торгуулиар л томоожуулахгүй бол ерөөсөө тоохгүй байна.

 

Залуучууд “Гэрэлт хотхон” гэх буудал дээр бууж одлоо. Автобус Зайсан хүрээд буцаж эргээд 120 хүрэхэд дахин дүүрэн хүнтэй боллоо.

 

“Ерөнхийлөгчтэй санал нэг”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Автобусны радиогоор Солонгосчууд сонгуулиа хийж, саналаа өгч байгаа тухай дэлхий дахины мэдээ явахад өмнө сууж явсан өвөө “Хццсс, үхэх гэж байж юун сонгууль” гэж ганцаараа ярив. Би түүний ярианд дэм өгөх санаатай

 

Түмний нэг /Т/: Удахгүй манай сонгууль бас болох байх даа

 

Өвөө /Ө/: Хмм, сонгууль шиг хэрэггүй юм байхгүй. Зохион байгуулахгүй байх хэрэгтэй. Яаж эмх замбараагаа алдаж, энд тэндгүй сонгуулийн сурталчилгаа болдог билээ дээ. Хэрэвзээ сонгууль болвол улсаараа өнөө айхтар өвчнөө тусаад хадан гэртээ очих юм болно.

 

Т: Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Та мэдсэн биздээ. Тэгээд иргэдээс санал авсан чинь ихэнх хүмүүс сонгууль хойшлуулахыг зөв гэж дэмжсэн байна лээ. Тантай ижил бодолтой хүмүүс цөөнгүй л байгаа бололтой.

 

Ө: Тэр ёстой зөв. Байдал эвгүйтвэл хэзээ ч үхэж мэдэхээр байхад юун сонгуульсаг юм билээ. Амьд байхад тэрийг чинь дараа нь зохиогоод саналаа өгчихөж болно биз дээ. Сонгууль сонгууль гэж улайран дайрч байгаад санал өгөх хүнгүй хуйгаар нь өвчнөөр өөд болгохыг хүсээ юм болов уу. Би бол ерөнхийлөгчтэй санал нэг байгаа.

 

Өвөөгийн амнаас ер өөдтэй үг гарахгүй тул тэрний сэтгэл санааг дэмжчих санаатай “Удахгүй цаг сайхан болно доо өвөө” гэвэл “Тэрнээс өмнө мажийчихгүй л юмсан. Биднийг чухам амьдрал, үхлийн аль нь хүлээж байгаа юм бол доо, хүү минь" гэж итгэл муутай хэлж байна.

 

Өвөө бид хоёр өмнөөс ирэх өдөр хоногуудын тухай өөр өөрийнхөөрөө төсөөлөн дэмий л цонх гөлөрсөөр Номын сан хүрээд буулаа. Нээрэн биднийг ямархан цаг хугацаа, он жилүүд хүлээж байгаа бол...

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Orshil, mask s tsaash unshih husel torsongui:
Hen yamar mask zuuj baina ter hunii amidraliin hodolmoriin tarhinii uhamsariin asuudal. Unetei sain mask zuusen humuus luivarchid uu? Esvel daavuun muu mask zuusen humuus ariun tsagaan amitad uu?
2020-04-19
Хүлээгээд уншаад л байгаа шүү. Баярлалаа.
2020-04-18
Отгонсүх энэ Налайхын замаа нээрээ дуусгахгүй юм байх даа коронагоос болов уу?
2020-04-18
Тийм нэг таксичин байсан одоо мэдэхгүй ээ
2020-04-18
Ork ni baina:
Hoovon hoh gej heniin?
2020-04-18
Зочин:
Маск зүүгээгүй Оркуудыг торгох ч багадна. Нийгэмд эргэн тойрондоо ямар их эрсдэл үүсгэж бгаагаа мэдэх ч үгүй тэнэгүүд. Хэлэхээр ухаангүй тэнэг нүдээр өөдөөс сонин хараад л . Торгоод мөнгөгүй гэвэл Энэтхэг цагдаа нар шиг бороохойдох хэрэгтэй.
2020-04-17
Зочин:
Энэ хүмүүс ер нь нэгэндээ урам хайрлана гэж огт мэдэхгүй болж дээ Сайхан нийтлэл байна... Залуу сэтгүүлчид амжилт хүсье
2020-04-17
уншигч:
Тэжээ нь гэдэг биш тэжээнэ, яах уу биш яах вэ гэдэг байх аа. Нийтлэлчийн нийгмийн хариуцлагын асуудал даа.
2020-04-17
зочин:
Xоовон Xөхийг л санаад байх юмаа...энэ ABTOБУС-ны бичиглэлийн хэлбэр Xоовон Xөхийн хаана ч хүрэхгүй юм..
2020-04-17
Тийм нэг таксичин байсан одоо мэдэхгүй ээ
Ork ni baina:
Hoovon hoh gej heniin?
Guest:
Мангар залхуу сэтгүүлч шүү энэ
2020-04-17
фантазлаад байдымуу
2020-04-17
үйл явдлын зурагнуудаа тавьж бай л даа ... Тэр хоёр нохой, хөгшин эр, ганган залуучууд ...
2020-04-17