Япон: Дэлхийн II дайнаас хойших хамгийн хүчтэй хямралтай дэлхий нүүр туллаа

img

Дэлхийн эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн хүчтэй хямралын босгон дээр ирсэн гэж Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги мэдэгджээ. 

 

Цар тахал дэлхийн эдийн засагт болон Японы эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж байна хэмээн Мотэги мэдэгдээд Японы засгийн газар эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээнд зориулж 108 их наяд иен төлөвлөснөө 117,1 их наяд иен буюу 1,09 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон байна.

 

Ийнхүү Японы Засгийн газар эдийн засгаа сэргээхэд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгөө нэмэгдүүлэхээр болсон ч энэ мөнгө хангалтгүй, Японы ажилгүйдэл дөрөвдүгээр улиралд 2,72 хувьд хүрэх бөгөөд энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахд 1,5 саяар их байна гэсэн үг гэж Японы шинжээчид анхааруулж байгаа юм. Энэ нь 2008-2009 оны хямралаас ч хүнд нөхцөл байдал бий болно гэсэн үг гэдгийг шинжээчид сануулжээ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Японд COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 10797 болсон бол 236 хүн нас барж, 1159 хүн эдгэрсэн байна.

 

Цар тахлын улмаас хямрал нүүрлэж байгаатай холбоотойгоор Японы Засгийн газар тавдугаар сараас эхлэн иргэддээ нэг удаад 100 мянган иен  /монгол мөнгөөр 2,4 сая төгрөг/ өгөхөөр болжээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн Японд орон даяар онц байдал зарласан бөгөөд эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байх, харин компаниудыг үйл ажиллагаагаа түр зогсоохыг уриалж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ