COVID-19: АНУ ногоон карт олгохоо зогсооно
2020-04-22

"Ногоон карт" гэж нэрлэгддэг оршин суух зөвшөөрөл олгохоо АНУ түр хугацаагаар зогсооно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг NBC дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ногоон карт олголтыг 60 хоногоор зогсоож байгаа гэнэ. Энэ хугацаа дуусмагц сунгах эсэх асуудлыг зохих шатныхан шийдвэрлэнэ гэж Трамп COVID-19 вирусийн тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгдөг хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. 

 

Мөн оршин суух зөвшөөрөл олгохыг үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран гаргана гэж Трамп цохон тэмдэглэсэн байна.

 

"Бид америкийн ажилчдыг хамгаалахыг хүсч байна. Цаашдаа бид тэднийг илүү найдвартай хамгаална" хэмээн Трамп мэдэгджээ.

 

Энэхүү шинэ хязгаарлалтын арга хэмжээ нь АНУ-д байнга оршин суух хүсэлтэй цагаачдад л хамаарна гэдгийг Трамп онцоллоо. Харин түр хугацаанд ажиллахаар ирэх хүмүүст энэ шийдвэр хамаарахгүй аж.

 

Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд, Америкийн иргэдийн ойрын төрөл төрөгсөд энэ хязгаарлалтад хамаарахгүй, харин ногоон карт эзэмшигчдийн төрөл төрөгсөд ойрын үед АНУ-д оршин суух зөвшөөрөл авах боломжгүй болох гэнэ.

 

Энд дуулгахад, сүүлийн саруудад Америкийн эрх баригчид Хятад болон Европын хэд хэдэн орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглосны дээр Мексик, Канадтай хиллэх хилээ хаасан юм.

 

Гэхдээ үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын улирлын ажил гүйцэтгэх хүмүүст зарим төрлийн хязгаарлалтыг зөөллөж, энэ төрлийн ажил эрхлэгчдийг гурав хүртэлх жилийн хугацаатайгаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр үлдэхийг зөвшөөрсөн. Мөн зөвхөн энэ сарын эхээр гэхэд л гадаадаас 35 мянган хүнийг улирлын ажилд ажиллуулахаар виз олгожээ.

 

Түүнчлэн мэргэшсэн ажилтнуудад ажлын виз олгосон хэвээр байгаа гэнэ. АНУ-ын эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 17 хувь нь цагаач, тэр дундаа нийт сувилагчдын 24 хувь, эмч нарын 28 хувь нь гадаад улсын иргэд байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НОГООН КАРТЫГ БҮР ЦУЦАЛСАН ДЭЭР БАЙХӨӨ.
2020-04-23