Үр бүтээлтэй, үлдэх зүйлтэй “уйдъя”
2020-04-22

 

Хаврын хаварт хичээл ном, сургууль соёл, ажил хөдөлмөр, агаар салхинд гарах болзоо товлосон уулзалтууд гээд хэн хүнгүй л завгүй гүйдэгсэн. Өнөө жил харин дэлхий дахиныг цочроосон “Корона” хэмээгч цар тахлаас улбаалан хаврын урт өдрүүдийг болж өгвөл гэртээ л байх ганцхан сонголттой өнгөрүүлж байна.

 

Хичээлгүй, хөл хорионд хүмүүс хөгшид, хүүхэдгүй л уйдаж байна гэнэ. Тэгвэл гэр гэртээ байгаа энэ цаг хугацааг эргээд харахад үр дүнтэй, үлдэх зүйлтэй өнгөрүүлэхийг Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооноос уриалжээ. Тус холбооноос жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан энэ жил “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүллээ.

 

Манай улсад мод тарих үндэсний аяныг 2010 оноос хойш санаачлан улс орон даяар хэрэгжүүлж хаврын хаварт цагаан бээлийтэй, шинэхэн хүрзтэй улстөрчид хичээнгүйлэн мод тарих болсон. Гэвч тарьсан модоо эргээд арчилж ургуулах, үр дүнг нь тооцох нэгдсэн бодлогын ажлыг хийлгүй орхидог. Цаашид энэ байдал энэ хэвээр үргэлжилбэл үндэсний мод тарих аян хэлбэр төдий болж, иргэдийн оролцоо, сонирхол, итгэл үнэмшил буурна. Улмаар “мод тариад ургах биш” гэсэн хандлага нэмэгдэнэ гэж Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо үзжээ. Иймд хаврын өдрүүдэд хашаандаа нэг мод тарьж арчлан ургуулж, амьдрах орчноо сайржуулж үлдэх мөрөө ногооруулахыг уриалж буй аж.

 

Хүсэх л юм бол хүн бүр хашаандаа “Зайсан”-тай болох боломжтой

 

 

Мод тарих хүсэл байв ч хэрхэн ургуулах вэ гэдгээ мэдэхгүй олон хүн бий. Тэгвэл мод тарих ажилд сэтгэлийн хөөрлөөр бус шинжлэх ухааны үндэстэй хандах нь зүйтэй гэдгийг Дархан хотод гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан хэд хэдэн гудамыг моджуулж, цэцэрлэгжүүлсэн “Шинэ хашаа” төслийн санаачлагч, “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат зөвлөлөө.

 

 

Тэрбээр “Гэр хорооллын асуудлыг шийдэхэд төр засгийн бодлого, хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэрнээс илүү чухал зүйл нь иргэдийн оролцоо. Иргэд хүсвэл гэр хороолол, гудамжийг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал мод тарихад чин хүсэл байж, хүслээ дэмжсэн оролцоо байж гэмээнэ түүнийгээ ургуулж чадна.

 

Аливаа нэг зүйлийн эзэн нь тодорхой байвал хөгждөг, хайрладаг. Айлуудын гэр, орон сууц нь гоё хэр нь гудамж, орц нь онцгүй байх жишээтэй. Тэгэхээр нийгмийн хөгжил гэдэг бол олон хүн хамтраад гоё амьдрах процесс. Сайн сайхан орчинд амьдрана гэдэг бол гадаад орныг зорих биш. Өөрийн өмчлөлийн газар дээрээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн орчныг өөрөө оролцон бий болгож, түүнээсээ таашаал хүртэх явдал.

 

Мод тарих нь бүх ажлын нэг л хэсэг. Ургаж байж түүнээс баяр баясгаланг мэдэрнэ. Мод тарина гэдэг хүсэх л юм бол биелэх боломжтой зүйл. Улаанбаатар хотын гудамжинд тарьж байгаа нарс модыг 380 мянган төгрөгөөр, шинэ үнэлгээгээр 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа. Тэгвэл иргэд дунджаар нэг нарсны үрсэлгээг 30-80 мянган төгрөгөөр авах боломжтой. Мод таривал хүүхдүүд тань ажил хөдөлмөр сурна, ургамал, үндэстэй бүхнийг хайрлах сэтгэлтэй болно. Мод ургаж байгааг хараад баяр баясгалан, урам зориг орно. Удалгүй 6-10 жилийн дараа дорж хаяж нэг сая төгрөгийн үнэлгээтэй таны “үл хөдлөх хөрөнгө” болно. Зайсангийн орон сууцны хороололд очиж гоё сайхан цэцэрлэгт хүрээлэнгээс тайвшрал олох биш өөрийнхөө хашаанд “Зайсан”-г бий болгох боломжтой.

 

Хүн бүр хүсэх л юм бол өөрийнхөө хашаанд нарсан төгөл, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох боломжтой. Түүний төлөө хөдөлмөр зарцуулах ёстой. Төр засаг эсвэл хэн нэгэн хүнээс биш ердөө өөрийнхөө чадахаасаа буюу хашаа,гудамжнаасаа эхлэх хэрэгтэй. Бид гудамд бий болгосон модыг хот тохижуулалтад биш тухайн айлд хүлээлгэн өгдөг. Мөнгөө гаргасан, хайлсаа авсан, модоо тарьсан. Эргээд хайлсныхаа хамгаалалт арчлалт услагааг тухайн айл хариуцдага учраас магадгүй ургаж байгаа” гэв.

 

 

Мөн тэрбээр чин хүсэл зорилго, гэр бүлээрээ нэгдэх нь чухал. Эерэг талаас нь харвал COVID-19 гэх энэ халдвар бидэнд гэр бүлээрээ гэртээ байх боломж олгож байна. Энэ цаг хугацааг ашиглаад өөрийнхөө хашааг тохижуулж, мод тарьж өөрийнхөө хашаанд “Зайсан”-г бий болгохыг уриалсан юм.

 

Гэр хороололд амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжилт, тайралтыг даадаг байдлаас харахад агч мод хамгийн тохиромжтой. Агц мод 3-5 жилийн дотор өндөр ургаж танай хашаанд саглагар мод бий болно гэдгийг Г.Ганбат зөвлөлөө.

 

"Модоо сонгохдоо навч, нахиа биш үндсийг нь харах хэрэгтэй"

 

Харин Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байгууллага Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, доктрант Р.Баянбилэг

 

"Байгалийг хайрлах ёстой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн. Одоо ганцхан яаж мод тарих вэ, ургуулах вэ гэдэгт санаа тавьж байна.

 

Хүмүүсийн туршлагыг харахаар таван үхрийн нүд, чацаргана ганц нэгийг, урт настай шилмүүст модыг 0.7 га газарт тарихад тохирно. Үүнээс илүү бол ихэднэ. Модоо сонголоо. Дараа нь байрлуулах нь маш чухал. Үдээс хойш 02.00 цагаас хойш нар баруун талд их тусдаг тул энэ талд модоо тарих нь зөв. 

 

Манайхан мод сонгохдоо алддаг. Зөвхөн навчыг нь л хараад байдаг. Навч, нахиа хоёр нь дэлгэрчихсэн байвал ургах юм байна гээд авчихдаг. Гэтэл бидний хамгийн эхэнд харах ёстой зүйл үндэс. Нарийн үндэс хамгийн ихээр ус сордог. Мод ухаж авч байгаа хүмүүс үндсийг нь таслаад орхичихдог. Энэ мэт буруу технологи их байна. Мод тарихыг хүссэн хүн хэзээ ч харж байгаад үхүүлэхгүй. Хайрлана, услана. Тийм учраас үндэс маш чухал” гэж зөвлөсөн юм.

 

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, түүний гишүүд, дэмжигчид энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн зарим талбайг моджуулах ажлыг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

НҮБ-ын 2019 онд нийтлэгдсэн тайланд “биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтгайаар устаж, дэлхийн аль ч газрын хүмүүсийн амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ой модны сан сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байгаа нь ядуурлын нэг шалтгаан болж буй”-г өгүүлээд өнөө болон ирээдүй, хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг, түүнийг хүрээлэн буй амьд амьтан, ургамал бүхнийг хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалсан байна.

 

 

Дэлхийн хүн амыг хамарсан энэ цар тахлыг байгаль дэлхий биднээс хариугаа авч байна гэж халаглах нэгэн ч байна. Тэгвэл  бүгдээрээ мод тарьж байгаль дэлхийгээ аргадъя. Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооноос гаргасан “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя”  уриалгыг дэмжиж мод таръя. Дэлхий “эдгэрсний” дараах он жилүүдэд өндөр ургасан модоо үр хүүхэдтэйгээ хамт услах тэр хавар “Корона гэж нэг муухай вирус гарсан жил тарьж байлаа” хэмээн хуучилъя.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин