COVID-19: Британи вакцин туршиж, Герман хөл бөмбөгийн тоглолтуудыг зөвшөөрнө
2020-04-22

Дэлхий даяар тархсан цар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд төрөл бүрийн вакцин, эм бэлдмэл боловсруулах ажилд шуурхайлан ороод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд эхнээсээ клиникийн туршилт буюу хүн дээр вакциныг турших ажлуудыг эхлүүлээд байгаа юм. 

 

Гуравдугаар сарын сүүлээр ОХУ-д COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын анхны туршилт эхэлсэн бол АНУ өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн вакциныг хүн дээр турших ажил эхлүүлсэн юм. Харин Британи дөрөвдүгээр сарын 23-ны пүрэв гаригт шинэ вакцины клиникийн туршилтыг эхлүүлэх болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок  мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, COVID-19 вирусийн эсрэг вакциныг Лондонгийн Эзэн хааны коллеж болон Оксфордын их сургуульд боловсруулж байгаа бөгөөд Оксфордын их сургуульд гарган авсан вакциныг дөрөвдүгээр сарын 23-наас хүмүүс дээр туршиж эхлэх аж.

 

Энд дуулгахад, вакцины клиник туршилтыг эхлүүлэх хүрээнд Оксфордын их сургуулийн эрдэмтэд сайн дурынхныг бүртгэсэн бөгөөд 18-55 насны эрүүл хүмүүс туршилтад оролцон, үүнийхээ төлөө 625 фунт стерлинг буюу монгол мөнгөөр хоёр сая төгрөгийн урамшуулал авах юм байна.

 

Дээрх хоёр сургуулийн мэргэжилтнүүд клиникийн туршилтыг явуулахын тулд нийтдээ 42,5 сая фунт стерлингийн дэмжлэгийг засгийн газраас авна гэж Мэтт Хэнкок мэдэгджээ.

 

"Ихээхэн ирээдүйтэй хоёр төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийг удирдаж буй хүмүүст биднээс шалтгаалах бүх арга хэмжээг авч, дэмжинэ гэж би амласан" хэмээн Мэтт Хэнкок мэдэгдээд "вакцин бол COVID-19 вирусийг ялах хамгийн найдвартай арга" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Британи улс вакцин бүтээхэд бүх хүчээ хаяхад бэлэн байгаагийн дээр бусад орнуудтай харьцуулахад цар тахалтай тэмцэхэд их хөрөнгө зарцуулсан гэдгээрээ тус улсын хувьд вакцин бүтээх ажил нь амин чухал гэж Хэнкок мэдэгджээ.

 

Гурван нас баралт тутмын нэг нь COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй

 

Ийнхүү вакцин бүтээхэд бүх хүчээ хаяж байгаа Британийн хувьд COVID-19 вирусийн халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Энэ сарын эхээр долоо хоногт бүртгэгдсэн нийт нас баралт Англи болон Уэльсэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд гурван нас баралт тутмын нэг нь COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй байжээ.

 

 Их Британийн Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр дөрөвдүгээр сарын 4-10-ны хооронд 18500 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн 20 жилд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. 

 

Эдгээрээс гурван нас баралт тутмын нэг нь COVID-19-тэй холбоотой байсны дээр бусад шалтгаанаар нас барах тохиолдол ч өссөн байна. Энэ өсөлтийн шалтгаан өнөө хэр нь тодорхойгүй, гэхдээ нэн шаардлагатай тохиолдолд ч тахал дэгдсэн үеэр эмнэлэгт хандахаас хүмүүс зайлсхийсэнтэй холбоотой байж мэднэ гэж шинжээчид таамаглаж байна. Цар тахал дэгдсэнээс хойш Британийн яаралтай тусламжийн төв хандах хүмүүсийн тоо хоёр дахин буурчээ. 

 

Британийн Засгийн газар вирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоог өдөр бүр  мэдээлж байгаа ч энэ нь зөвхөн эмнэлгүүдэд нас барсан хүмүүсийн мэдээлэл гэж ВВС мэдээлсэн байна. Харин ахмадын асрах газар зэрэг бусад газруудад нас барсан тохиолдлыг бүртгэхэд удаашралтай байдаг гэнэ.

 

COVID-19 бусад орнуудад 

Сүүлийн үед дэлхийн зарим орнууд цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдээ зөөлрүүлж эхэлсэн байна.

 

Тухайлбал Германд ирэх сарын еснөөс эхлэн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг сэргээхээр төлөвлөж байгаа гэнэ. Эрүүл ахуйн дүрмийг хатуу баримтлан, үзэгчгүйгээр тоглолтуудыг явуулах боломжтой гэж Германы эрх баригчид болон  Бундеслигийн удирдлагууд үзэж байгаа аж. 

 

"Амралтын өдрүүдийг хөл бөмбөггүйгээр өнгөрүүлснээс энэ спортын тоглолтыг үзэж өнгөрөөвөл арай дээр байна" гэж Баварын ерөнхий сайд Маркус Зёдер мэдэгдсэн байна. 

 

Харин Данид 500-аас дээш хүн цугларсан арга хэмжээнүүдийг есдүгээр сарын нэгэн хүртэл хориглосон хэвээр байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Үүнээс өмнө, олон хүн цугласан үйл ажиллагааг тавдугаар сарын 10-наас эхлэн зохион байгуулахыг зөвшөөрнө гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Одоогоор тус улсад 10 хүртэлх хүн цугларсан арга хэмжээг зөвшөөрч байгаа юм.

 

Энд дуулгахад, дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 2,5 саяыг давсан бол нас барсан хүний тоо 172 мянгад дөхсөн гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин