ОУХХ: "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага"
2020-04-24

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага" сэдвээр 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааг цувралаар хүргэж байна. 

I.    Нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

1.    БНХАУ


2019 оны 12 дугаар сараас БНХАУ-ын У Хань хотод анх илэрсэн коронавирус Өмнөд хөршийн улс төр, эдийн засаг, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахал болоод байгаа билээ. БНХАУ-ын коронавирустэй холбоотой хэрэгжүүлсэн арга хэмжээг ерөнхийд гурван үе шатанд хуваан үзэж болно.


1)    Өвчин анх гарч халдвар тархах үе буюу муж орон нутгийн удирдлага дор шийдвэртэй арга хэмжээ аваагүй үе: БНХАУ-ын Хө Бэй мужийн У Хань хотод 2019 оны 12 дугаар сарын 31-нд Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн гэж үздэг. 2019 оны 12 дугаар сарын 30-нд У Хань хотын эрүүл мэндийн газрын дотоод албан бичиг олон нийтийн сүлжээнд тавигдаж, найман эмч энэ талаар бичсэн юм. У Хань хотын эрүүл мэндийн газар 12 дугаар сарын 31-ний өдөр олон нийтэд 27 хүн өвчилсөн, үүнээс 7 хүний биеийн байдал хүнд байгаа, өвчин хүнээс хүнд халдварладаг талаар нотлогдсон зүйл байхгүй хэмээн өвчний байдлыг анх мэдээлэв. Мөн энэ өдөр Хятадын эрүүл мэндийн яамны төлөөлөгчид У Хань хотод томилогдон ирсэн байна. 2020 оны 1 дүгээр сарын 1-нд 8 хүн олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэргээр шалгагдаж арга хэмжээ авагдсан байна . Энэ үед Бээжингээс онцгойлон анхаарал хандуулсан арга хэмжээ аваагүй бөгөөд орон нутгийн удирдлагууд Коронавирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, цаг хугацаа алдсанаар өвчний тархалт хяналтаас гарсан юм. 


2)    Өвчний тархалтыг зогсоох карантины үе буюу төв засгийн газраас эрчимтэй арга хэмжээ авсан үе: Нэгдүгээр сарын 20-нд Ши Зиньпин Коронавирусийн эсрэг авах арга хэмжээ тушаал шийдвэр гаргав. Мөн энэ өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийг албан ёсоор хүнээс хүнд халдварладаг болохыг олон нийтэд мэдээлэв. Нэгдүгээр сарын 23-нд Хө бэй муж У Хань хотыг хааж тусгаарлав. Нэгдүгээр сарын 25-нд Хятадын Коммунист намын (ХКН) Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хороо хуралдаж халдварт өвчинтэй тэмцэх удирдах комиссыг байгуулж, даргаар нь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли КөЦянь томилов. “Ковид-19”-ын халдвар эрчимтэй тархсан нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд Ши Зиньпин олон нийтэд ил гаргаагүй нь хардлага шүүмжлэл дагуулж байсан юм. Хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар үйлдвэрлэлийг сэргээж эхлэв. 2020 оны хоёрдугаар сарын 3-10-ны өдрүүдэд өвчний голомт болох Хө Бэй мужаас бусад бүс нутагт халдвар авагчдын тоо буурч, тархалтыг хяналтдаа оруулсан талаар мэдэгдэв.  Хоёрдугаар сарын 20-ноос хойш У Хань хотод Коронавирусийн тархалт буурч эхлэв. 


3)    Өвчний тархалтыг дотооддоо хяналтдаа оруулсан үе буюу эдийн засгийг сэргээж, гадаад улсаас халдвар зөөвөрлөгдөж орж ирэхээс сэргийлж буй үе. Гуравдугаар сарын 10-нд Ши Зиньпин У Хань хотод очиж ажиллав, үүгээр БНХАУ өвчний нөхцөл байдлыг дотооддоо тогтоон барьж чадсаныг илтгэв. 76 өдрийн турш хаалттай байсан У Хань хотын хориог 4 дүгээр сарын 8-ны өдөр цуцлав. БНХАУ Гадаад улс орнуудаас Коронавирусийн халдварлах өвчний хоёрдугаар давлагаанаас сэргийлэх алхам арга хэмжээнүүдийг авч эхлэв. 


БНХАУ-ын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт тулгарсан болон тулгарч буй асуудлыг дээр дурдсан  гурван үе шатанд тодорхой эрэмбэ дараатайгаар шийдвэрлэж байна. 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаа буюу Коронавирусийн тархалтын эхэн үед БНХАУ-ын мэдээллийн хаалттай байдал, асуудлыг нуун дарагдуулж, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг тогтолцооны асуудал нь гадаадын болон дотоодын шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс эхний үе шатны сүүл үеэс хоёр дахь үеийн хооронд нийгмийн бухимдал сэтгэл зүйг дэврээхгүйгээр холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, ХКН-ын нэр хүндийг хамгаалах, засаглалын тогтвортой байдлыг хангах дотоод улс төрийн алхмуудыг хийв.

 

Харин хоёр дахь шат болон гурав дахь үед БНХАУ эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийг сэргээх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, муж хотууд бүх шатны сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх цаг хугацааг товлон зарлаж байна.


2.    ОХУ


ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цар тахлын анхны тохиолдол нь нэгдүгээр сарын 30-нд Хятад улсын хоёр иргэн хэмээн бүртгэгдэж, нэгдүгээр сарын 30-аас эхлэн Оросын тал Хятадтай зарим хилээ хаах арга хэмжээ  авч эхэлсэн. Харин Оросын иргэн цар тахлаар халдварласан анхны тохиолдлыг албан ёсоор гуравдугаар сарын нэгэнд гэж бүртгэжээ.

ОХУ-аас Хятадтай хилээ нэн даруй хаасан, Европтой хилээ хаалгүй удааширсныг “ОХУ-ын гадаад бодлого стратегийн хувьд сүүлийн жилүүдэд Ази руу чиглэж буй боловч өөрийгөө Европын улс хэмээн үзсэн хэвээр байгаагийн нэг шалтгаан”  гэж дүгнэсэн эрдэмтэд байна.

 

ОХУ-ын албан ёсны мэдээллээр гуравдугаар сарын 24-нийг хүртэл нөхцөл байдал намжмал, нэг хоногт өвчлөгсдийн тоо 100 хүрэхгүй байсан боловч гуравдугаар сарын сүүлээс өвчлөл огцом нэмэгдсэнээр өнөөдрийн байдлаар (4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар) нийт нас барсан хүний тоо 456, нийт өвчлөл 53 мянгад хүрээд байна.  Хэдийгээр нийт халдварын 88 хувь нь нийслэл Москва хот болон Москвагийн бүс нутагт тархсан байна.


Москва хот болон Москвагийн бүс нутагт халдварлагсдын тоо огцом нэмэгдэж байгаагаас үүдэн 3 дугаар сарын 25-нд Ерөнхийлөгч В.В.Путин “Коронавирусийн халдварын тархалттай тэмцэх зорилгоор ажлын бус өдрүүдийг зарлаж, дэмжлэг шаардлагатай хүмүүс, хүүхэдтэй гэр бүл, ахмад дайчдад үзүүлэх халамж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зорилгоор хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээг”  дурдан мэдэгдэл хийв.

 

Гэсэн хэдий ч “улс оронд нөхцөл улам хүндэрсээр байгаа бөгөөд Засгийн газар онцгой байдал зарлаж байгаа”  талаар мэдэгдэл хийж, улмаар 4 дүгээр сарыг дуустал хөл хорио тогтоогоод байна. Хүн ам хөл хорионы дэглэмийг нарийн чанд баримтлахгүй, өвчлөгсдийн тоо огцом нэмэгдсэн хэвээр байгаа тул дөрөвдүгээр сарын 13-аас эхлэн Москва хот болон Москва хот орчимд хяналт шалгалтыг чангатган зөвшөөрлийн бичиг шалгаж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулахаар шийдвэрлээд байна.  


Өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэж байгаа энэ үед нэн түрүүнд Оросын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо ямар байр байдалтай байгаа, цар тахлыг даван туулах хүчин чадал бий эсэх талаар нааштай мэдээлэл тун ховор байна. Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашко Оросын “эрүүлийг хамгаалах тогтолцоо ихээхэн хямралтай нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг, мөн 4 дүгээр сарын сүүл гэхэд эмнэлгүүдэд бусад зориулалтаар ашиглагдаж байсан оруудыг өөрчлөн зохион байгуулж, нэмж 95 мянга гаруй орыг Коронавирусийн цар тахлаар өвчлөгсдөд зориулан бэлдэхээр” болоод байгааг мэдэгдсэн . Цаашид энэхүү тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай зүйлс, тухайлбал, эмч мэргэжилтэн, эмнэлгийн ор, хамгаалах хэрэгслүүд, амьсгалын аппарат, эм, тест гээд бүгд дутагдахаар байна.

 

Иймээс эмнэлгийн ор бэлдэхэд 33 тэрбум, амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, бусад тоног төхөөрөмж, хэрэгсэлд зориулж, 13 тэрбум рубль, цар тахалтай тулж ажиллаж байгаа эмч ажилчдад зориулж 10 тэрбум рублийг гаргахаар шийдвэрлэсэн талаар дөрөвдүгээр сарын наймны Ерөнхийлөгчийн Холбооны субъектүүдтэй хийсэн хуралдаанаар мэдээлсэн байна.  


3.    АНУ


2020 оны нэгдүгээр сарын 19-нд Вашингтон мужид 35 настай эр анх Ухань хотод зорчин халдвар авснаар энэ өвчний халдвар АНУ-д анх бүртгэгдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны байдлаар 820 мянган тохиолдол бүртгэгдэж, 45 мянган хүн нас барсан мэдээлэл байна.   Цар тахлын үед АНУ-ын нийгэм, эдийн засаг маш хүнд нөхцөл байдалд байна. Ялангуяа хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байгаагаас ажлын байрны тоо цөөрч ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хэмжээнд хүрэх зам руугаа нэгэнт орлоо. АНУ-д саяхныг хүртэл маск огт зүүхгүй, уг өвчинд тоомжиргүй хандаж байснаас өнөөдөр хамгийн их тохиолдол бүртгэгдсэн дэлхийн хамгийн том шинэ голомт болоод байна.  Энэ тахлыг хэзээ хэрхэн яаж даван туулахыг эрдэмтэд өөрсдийн байр сууринаас таамаглаж байгаа ч халдварыг хэрхэн зогсоох тал дээр, тохирсон эмчилгээний тал дээр ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна.


АНУ-д авч хэрэгжүүлсэн голлох арга хэмжээг үйл явдлын дарааллаар жагсаавал, 2020 оны нэгдүгээр сарын 31-нд    АНУ-ын эрүүл мэндийн яамнаас нийтэд эрүүл мэндийн онц байдал зарлаж, Халдварт өвчин судлалын төвөөс Уханьд ажиллаж амьдарч буй нийт 195 иргэдийг эх оронд нь буцаан авчран 14 хоног хөл хорио тогтоожээ. 


2020 оны 2 дугаар сарын 2-нд Ухань зорчсон АНУ-ын иргэд, байнгын оршин суугч нарыг нарийвчлан шалгаж, ойрын гэр бүлийн гишүүдийг 14 хоногийн хугацаатай хөл хорионд оруулах, Хятадын бусад хэсэгт зорчсон бол нисэх буудлуудад нарийвчлан шалгаж гэртээ өөрсдийгөө хөл хорих шийдвэр тус тус гаргав. Ингэснээр БНХАУ-д сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх тогтоолд Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан юм. 


АНУ-ын зүгээс 2020 оны 3 дугаар сарын 2-нд яаралтай тусламжийн сангаас 37 сая долларын санхүүжилтийг “Ковид-19”-т нэрвэгдсэн буюу тархах өндөр эрсдэлтэй орнуудад олгохоор шийдвэрлэж, эдгээр улсуудад Афганистан, Ангола, Бангладеш, Бирма, Камбож, Этиоп, Индонез, Ирак, Казахстан, Кени, Киргизстан, Лаос, Монгол, Балба, Нигери, Пакистан, Өмнөд Африк, Тажикстан, Тайланд, Филиппин, Туркменистан, Узбекистан, Вьетнам, Замби, Зимбабве улс багтжээ. Цаашид АНУ-ын Конгресс “Ковид-19”-ээс урьдчилан сэргийлэх, бэлтгэх, хариу арга хэмжээ авахад чиглэсэн хүчин чармайлтыг санхүүжүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зардлын багцыг баталж, ойролцоогоор 1.25 тэрбум долларыг олон улсад зарцуулахаа мэдэгдээд байгаа ч тус улсад нөхцөл байдал тун хүнд байна. 


Судалгаагаар 2020 оны 2 дугаар сард цар тахлын эсрэг АНУ-ын ард түмэн ямар арга хэмжээ авсан бэ? гэсэн хариултанд 90 хувь нь юу ч хийгээгүй байснаа хүлээн зөвшөөрсөн бол 3 дугаар сард байдал эрс өөрчлөгдөж, олон нийтийн газраар явах нь 62 хувиар буурсан байна. 


Нөхцөл байдал ийм болж хувирсан үед Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг асуудлын гол буруутнаар нэрлээд өнгөрөх нь тийм ч хангалттай дүгнэлт биш юм. Учир нь АНУ даяар Коронавирусийн эсрэг хэрэгжүүлсэн эхэн үеийн хариу үйлдлүүд нь онцгой байж чадаагүй. Өнөөдөр энэ байдлыг АНУ-ын холбооны төвлөрсөн бус байдал, Америкийн соёл, сэтгэлгээний онцлог, улс төржилт, "хуурамч мэдээ"-ний хор уршиг зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлах хандлага давамгайлж байна. 

 

4.    Европын Холбоо, ХБНГУ


2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Францын иргэн “Ковид-19” вирусийн халдвар авсан нь батлагдсанаар Европ тив уг цар тахалд нэрвэгдэж эхлэв. Үүнээс хойш халдвар Европын орнуудад хурдацтай тархаж эхэлсэн тул ЕХ /Европын Холбоо/ болон түүний гишүүн орнууд цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлэн гүнзгийрүүлсээр байна. Европт цар тахал дэлгэрсэн үеэс эхлэн өдгөө хүртэл ЕХ-ны гишүүн орнууд тус тусдаа үндэсний улсын хэмжээнд арга хэмжээг авсаар байна.

 

ХБНГУ-ын хувьд 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ЕХ-ны хил хязгаар дотроо Франц, Люксембург, Дани, Австри, Швейцар улсуудтай хилийн ихэнх хэсгийг хааж, хатуу хяналтын дор бараа бүтээгдэхүүн, зайлшгүй ажиллах хүчнийг оруулж байна. Германд олон нийтийн үйл ажиллагаа, амралт, зугаалга, урлаг, соёл, спортын  арга хэмжээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох ажлыг 3 дугаар сарын бараг дунд эхлэн муж улс тус бүрийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 


Мөн “Ковид 19 тахлын үед эмнэлгүүдэд үзүүлэх тусламжийн тухай хууль”, “Улсын хэмжээнд тархсан цар тахлын үед ард иргэдийг хамгаалах тухай хууль”-ийг Бундестаг 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр тус тус баталж, уг хуулиуд 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 

Холбооны Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас, цар тахлын улмаас учирч буй эдийн засгийн хохирол, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн олон чухал шийдвэр гаргасан бөгөөд жишээлбэл, 5 хүртэл тооны ажилтантай аж ахуйн нэгжид 3 сарын хугацаанд 9000 евро хүртэл, 10 хүртэл тооны ажилтантай аж ахуйн нэгжид 15000 евро хүртэл хэмжээтэй нэг удаагийн санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 


2020 оны 3 дугаар сарын эхэн үеэс эхлэн ЕХ-ны зарим орнууд, тодруулбал Польш, Словак, Чех, Австри, Дани, Литва зэрэг улс халдвар тархсан зарим нэг гишүүн орнуудтай ээлж дараалан хилээ хааж эхэлсэн. Тухайлбал, Польш Германтай хиллэх хилээ 2020 оны гуравдугаар сарын наймны өдөр хаасны  улмаас Германы Бранденбургээс Польшийн хил хүртэл 50 км урт ачааны машины цуваа бий болсон тул Польшийн тал хилийн хориг саадаа зөөлрүүлэхэд хүрсэн байна.  Мөн цар тахлын үед Германд халдвар хамгааллын эмнэлгийн хэрэгсэл, багаж хэрэгсэл маш их дутагдалтай байсны улмаас  ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яамны хамтарсан штабаас 2020 оны гуравдугаар сарын дөрөвний өдрийн хуралдаанаас, маск, бээлий, хамгаалах өмсгөл зэрэг халдвараас сэргийлэх эмнэлгийн хэрэгслийг гадагш экспортлохыг хориглосон шийдвэрийг гаргаж байв.  

5. Япон улс


Япон улсын нутаг дэвсгэрт 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр дотоодын анхны халдварын тохиолдолд анх батлагдав. Ерөнхий сайд Абэ, шинэ хэлбэрийн короновирустай холбоотой халдварт өвчний эсрэг авах арга хэмжээний талаар Засгийн газрын сайд нарын  хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний өдөр Ерөнхий сайдын өргөөнд хийв . Хуралдаанаар гаднаас халдварт өвчин дамжин орж ирэхээс сэргийлэх талаар анхааран ажиллаж, хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг улам сайжруулах, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж буй шинжилгээг Бүс нутгийн ариун цэвэр, эрүүл ахуй судлалын төвд хийх боломжоор хангах,  иргэдийг хурдан шуурхай үнэн зөв мэдээллээр хангах зэргээр дотоодод халдвар тархахаас сэргийлэн ажиллахыг холбогдох сайдуудад үүрэг болгов. Ингэснээр 1 дүгээр сарын 30-ны өдөр шинэ хэлбэрийн короновирусийн өвчний эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх Онцгой комисс байгуулагджээ.


Засгийн газраас хоёрдугаар сарын 13-нд шинэ хэлбэрийн короновирусийн эсрэг хэрэгжүүлэх анхдугаар арга хэмжээг тогтож, нийт 15 тэрбум 300 сая иэн зарцуулахаар шийдвэрлэж, эх орондоо буцаж ирэгсдэд 3 тэрбум иений тусламж үзүүлэх, дотоодод халдварлах эрсдлийн эсрэг 6 тэрбум 500 сая иэн, хилийн хорио цээрийн шалганыг сайжруулахад 3 тэрбум 400 сая иен зарцуулах зэрэг арга хэмжээ авчээ.

 

Улмаар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчнийг Хорио цээрийн хуулийн 34 дүгээр зүйлд халдварт өвчний төрөлд тооцох Япон Улсын Засгийн газрын тогтоол (2020 оны Засгийн газрын 28 дугаар тогтоол) болон Хорио цээрийн хуулийг хэрэгжүүлэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол (2020 оны Засгийн газрын 29 дүгээр тогтоол)-д тулгуурлан шинэ төрлийн корона вирусийн халдвар тээгчийг Япон Улсад нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Хорио цээрийн хуульд заасны дагуу хил нэвтрэх үед өвчний сэжигтэй болон шинж тэмдэг илрээгүй өвчин тээгчийг ч мөн адил шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчтөнд тооцохоор заасан байна. 


Хоёрдугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас Шинэ хэлбэрийн короновирус өвчний эсрэг авах арга хэмжээний үндсэн бодлогыг баталж, үйлдвэр, аж ахуйн газрууд халуурах зэрэг шинж тэмдэг илэрч буй ажилчдыг амраах, ажилчдыг нийтээр ажиллуулах биш цагийн хуваарийн дагуу ээлжээр ажиллуулах, үйл ажиллагаа зохион байгуулахдаа халдвар тархахаас сэргийлж хурлын заал зэргийг бодолцон зайлшгүй зохион байгуулах ач холбогдолтой эсэхийг дахин нягтлах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлсэн байна.


Ерөнхий сайд Абэ улс даяар бага, дунд, ахлах, тусгай сургуулиудыг гуравдугаар сарын хоёрны өдрөөс хаврын амралт хүртэл амраахаар шийдвэрлэж, “Дэлхийн эдийн засгийн хандлагыг анхааралтай ажиглаж, түүнд зохицуулж эдийн засаг, төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдэв. Засгийн газрын хуралдааны шийдвэрээр  шинэ төрлийн коронавирус нь БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс орнуудад хурдацтай тархаж буй нөхцөл байдлын улмаас хилийн хяналт шалгалтыг улам чангатгах арга хэмжээг Япон улсын Засгийн газар холбогдох яам, тамгын газруудтай хамтран хэрэгжүүлэхээр болов. 


Японы Төв банк гуравдугаар сарын 16-ны өдөр яаралтай хуралдаж, нэмэлт санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв . Үүнд, Биржийн арилжааны санд (ETF) жилд зургаан их наяд иенийг худалдан авдаг байсныг 12 их наяд иен болгон өсгөх нэмэлт санхүүжилт хийхээр тогтов. Шинэ хэлбэрийн короно вирусийн тархалтын улмаас эдийн засаг, банк санхүүгийн зах зээлд хямрал үргэлжлэх хугацаанд, хангалттай хөрөнгө нийлүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд корпорацын бонд болон аж ахуйн нэгжийн барьцаагүй өрийн бичгийг худалдаж авахад зориулсан хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгөд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.  


Гуравдугаар сарын 24-ний өдөр Олон Улсын Олимпын Хороо Токиогийн Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргахтай зэрэгцэн Япон улсын Хууль зүйн яамнаас улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан бүс нутгуудын жагсаалтыг нэмэлтээр баталж, Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам), Визний хязгаарлалт (Гадаад хэргийн яам) хийх ажлыг холбогдох яамд зохион байгуулан ажиллажээ.


Засгийн газар болон мэргэжлийн байгууллагын хуралдаанаар халдварын тохиолдлын тоо 2, 3 хоногийн хугацаанд маш хурдацтайгаар тархах эрсдэлтэйг таамаглаж, тийм нөхцөл байдалд Токио, Оосака зэрэг халдварын тархалт өндөр байгаа хотууд бүс нутагт сургуулиудыг нийтээр амраахаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар тогтов .


Ерөнхий сайд Абэ, дөрөв дүгээр сарын долооноос тавдугаар сарын зургааны хооронд нэг сарын хугацаатай Сайтама, Чиба, Токио, Канагава, Оосака, Хёого, Фукуока гэсэн 7 мужид Онцгой байдал зарлан энэ хурдаар бол сарын дараа 80,000 хүн халдвар авах магадлалтай", "хүмүүс хоорондын харилцааг 70-80% бууруулж чадвал халдвар авсан хүмүүс 2 долоо хоногийн дараа дээд цэгт хүрч түүнээс хойш халдварын тоо буурах болно", "Зөв мэдээлэлд үндэслэсэн болгоомжтой арга хэмжээ авах" хэрэгтэй, энэ удаад "дайны дараах хамгийн том хямралыг даван туулах" шаардлагатай Японы нийгэм нүүр тулж буй талаар мэдэгдэв.

 

Үүний зэрэгцээгээр бизнесийн үйл ажиллагаанд 108 их наяд иен, төсвийн зардалд 39.5 их наяд иений эдийн засгийн яаралтай арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ зарласан юм.


Улмаар Засгийн газрын хуралдаанаар “Шинэ Коронавирусийн халдварын эсрэг хэрэгжүүлэх эдийн засгийн яаралтай арга хэмжээ”  хэмээх бодлогын баримт бичгийг батлав. Үүнд, Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эх орондоо эргэн ирж буй иргэдийг хүлээн авах тогтолцоог сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний эм болон вакциныг судалгаа туршилтаар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг хурдавчлах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг хадгалах талаар дэмжлэг үзүүлэх, дэмжлэг үзүүлэх шаардлагатай айл өрх, иргэдийг дэмжих, татварын талаар уян хатан бодлого хэрэгжүүлэх, халдвар тархаж буй орнуудад яаралтай тусламж үзүүлэхэд оруулсан хувь нэмэр зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулахаар тогтоод байна.

6. БНСУ


БНСУ дотооддоо үр дүнтэй хариу арга хэмжээ авсны үр дүнд тахлын тархац, хүн амын эндэгдлийг бууруулж, халдварын тархалтыг хяналтдаа авч байгаа ч өдгөө явагдаж буй Парламентын сонгууль нь энэхүү нөхцөл байдлыг дахин хүндрүүлэх вий гэсэн болгоомжлол ч байна. 


БНСУ-ын хувьд “Ковид-19” цар тахлын үед олуулаа цуглаж, олон давхар орон сууцанд амьдрахаас зайлсхийж, “жүтэг” буюу манайхаар гэр хороололд амьдрахыг илүүд үзэж эхлэв.  Энэ нь цахилгаан шат, хаалганы бариул зэрэг наад захын аюулгүй байдлыг бодолцож буй хэрэг юм. Тус улс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар цар тахалтай тэмцэх хоёрдахь шатны санхүүжилтээр 6 тэрбум ам.долларыг батлаад байна.  


    Орчин үеийн нийгмийн нэг гол ойлголтод “ухаалаг ажил” хэмээх нэр түрэн орж ирсэн. Цаг, хугацаа орон зайнаас үл шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэх боломж гэж ойлгож болно. БНСУ-д цар тахлын улмаас судалгааны шатандаа явж байсан энэхүү ойлголтыг шууд амьдралд хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. 


Иргэд шинэ сорилтын улмаар “Ухаалаг ажил” хийж эхэлснээр авто замын түгжрэл багасах, машины зогсоолын дутагдалд орохгүй, хэрэгтэй шийдвэрийг цаг хугацаа алдахгүй гаргах, ажилдаа ирж очих цагийг хэмнэх, гэр бүлдээ илүү цаг гаргах зэрэг олон төрлийн ач холбогдолтой бөгөөд цаашид мэдээлэл технологид суурилсан ухаалаг ажлын байр хурдацтай нэмэгдэнэ гэдгийг БНСУ-ын судлаачид онцлон тэмдэглэж байна. Ингэснээр тус улсад нийгмийн хандлага, ажлын байрны бүтэц, байгууллагын соёл бүхэлдээ өөрчлөгдөнө гэж тэд үзэж байна. 


БНСУ төдийгүй дэлхий нийтээр хурдацтай цахимжиж буй ертөнцөд амьдарч амьд харилцаа ховордсон өнөөгийн цаг үед шинэ вирус гарч ирснээр байдлыг улам хурцатгалаа. Өмнө нь хувийн амьдрал цахим орчинд илүүтэй өрнөдөг байсан бол өдгөө аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа ч цахим, дижитал орчинд аажим аажмаар шилжиж эхэллээ. Цаашид хүмүүсийн амьд харилцаа илүү үгүйлэгдэх төлөвтэй байна. 


Засгийн газрууд ихээхэн анхаарал хандуулж, асар их төсвийн дэмжлэг үзүүлж, шат дараатай арга хэмжээ авсаар байгаа ч дэлхий даяар сая сая ажлын байр үгүй болж, хүмүүс гэрээсээ гарахгүй болсноор автомашин хэрэглэгчдийн тоо буурч, улмаар газрын тосны үнэ унахад хүрлээ. Тахлын дараа газрын тосны хэрэглээ өмнөх хэмжээндээ эргэн очиход удаан хугацаа зарцуулагдах тул газрын тос олборлогчид хүнд цохилтод орох төлөв ажиглагдаж байгаа тухай БНСУ-ын эрдэмтэд сануулсаар байна.


7. БН Турк улс


Бүгд Найрамдах Турк улсад “Ковид-19” шинэ төрлийн Коронавирусийн цар тахал 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх бүртгэгдсэн бөгөөд энэ өдрөөс хойш өнөөг хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 95 600 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2260 хүн тус вирусийн улмаас нас бараад байна. Анх цар тахал бүртгэгдсэн өдрөөс хойш БНТУ-ын засаг захиргаа иргэдээ вирусийн шинжилгээнд шуурхай хамруулж эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 376100  иргэнээ шинжилгээнд хамруулаад байна.


БНТУ дахь “Ковид-19”-ын тархалт Рамазаны баярын дараагаар намжина гэж ажлын хэсэг тооцоолж байна.  Шуурхай албаны хийсэн мэдэгдлээр 2020 оны 4 дүгээр сард БНТУ дахь “Ковид-19” вирусийн тархалт өндөр хэвээр байж, оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаа боловч  ард иргэд, албан байгууллагууд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг дагаж мөрдвөл 2020 оны 5 дугаар сарын дундаас вирусийн тархалт буурна гэж найдаж байгаагаа Туркийн тэргүүлэх эрдэмтэд судалгаандаа тулгуурлан илэрхийлээд байна. 


БНТУ-ын ЭМЯ-ны Ковид 19-Короновирус судлах шинжлэх ухааны багийн гишүүн, анагаах хааны доктор Илхам Челик, цар тахлын тархалтын оргил үед хэдийд болох, эрүүл мэндийн салбарынхан хэрхэн хариу арга хэмжээ авах шаардлагатайг урьдчилан тооцоолсон тул эмнэлэг, нийгмийн аюулгүй байдлыг хангах салбарынханд ноцтой ачаалал, дарамт үүсэхээргүй байгааг онцолсон юм. Вирусийн тархалт огцом хурдацтайгаар нэмэгдэнэ гэж бид бодохгүй байгаа бөгөөд Туркийн эрүүл мэндийн байгууллагууд, бусад холбогдох байгууллагуудын хүчин чадал нь одоо байгаа тархалтаас даруй 20 дахин их хэмжээтэй тархалттай нөхцөлд ажиллаж чадах боломжтой гэж нэмж хэлсэн байна.


БНТУ, вирусийн тархалт эхэлж байх үед нарийн төлөвлөгөө гаргаж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг яаралтай явсан тул Европын бусад улс орнуудтай харьцуулахад нас баралт, вирусийн тархалтыг харьцангуй доогуур түвшинд барьж чадсан гэж үзэж байгаа юм. 


Гэвч өнөөгийн байдлаар, БНТУ-ын нийт 81 мужийн 31 хотоос гарах орох хөдөлгөөнийг хорьсон бөгөөд энэ хорионд Истанбул, Анкара, Измир зэрэг хамгийн олон хүн амтай томоохон хотууд мөн хамрагдаж байгаа юм. Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ өдөр бүр нэмэгдэж байгаагаас гадна муж тус бүр өөрийн газар нутагт тохирсон нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 


Тус улс өнөөгийн байдлаар хилээ бүрэн хааж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, 20-оос доош, 65-аас дээш насны хүн амыг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, нийтийн тээврийн зогсоол, үйлчилгээний төвүүдээр иргэдэд амны хаалт үнэ төлбөргүй тарааж байгаагаас гадна цахим системээр дамжуулан гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжоор хангаж байгаа юм. Харьяа дүүргүүд болон шуудан түгээлтийн цэгүүдтэй хамтран, иргэн бүрд амны хаалт өгөх боломжтойг онцлохын зэрэгцээ Турк улс нь үйлдвэрлэгч орны хувьд ахуйн хэрэгцээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөргөдөл зэрэг асуудал үүсэхгүй гэж тус улсын ерөнхийлөгч Р.Т. Эрдоан мэдэгдсэн болно.
Мөн 20 орчим сая хүн амтай Истанбулын Ататуркийн нисэх буудлын орчимд 2 эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү 1000 ортой 2 эмнэлгийг 45 хоногийн дотор барьж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна гэж Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Туркийн төв телевизэд 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн ярилцлагадаа  дурдсан байна. 


БНТУ-ын Эрүүл мэндийн яам, Худалдаа, Аж үйлдвэрийн Яам, Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны зөвлөл зэрэг албаны байгууллагуудын мэдээлж буйгаар “Ковид-19” цар тахал хэдий хүртэл үргэлжлэх, ямар гарз хохирол учруулахыг бүрэн тооцоолох, таамаглах боломжгүй байна. Гэхдээ Турк улс цар тахал эхлэхээс өмнөх хэдэн жилд эрүүл мэндийн салбарт шинэчлэл эхлүүлж, салбарын ажилтнуудын хангамж, эмнэлгийн дэд бүтцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтууд хийж байсны ачаар энэхүү цар тахалд Европын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бэлтгэлтэй байсан гэж Турк судлаачид үзэж байна. Ийнхүү эрүүл мэндийн салбарт өнгөрөгч жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтын дүнд өнөөдөр Турк улс бүх иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой, хүн амд ногдох эрчимт эмчилгээний тасгийн тоогоороо Европын ихэнх улс, АНУ, БНХАУ-аас илүү юм. 


“Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эдийн засагт үзүүлэх нөлөө, гарц шийдлийн талаар Туркийн судлаачид өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал, эдийн засгийн судалгаа түлхүү явуулдаг  Истанбулд төвтэй судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төгсгөлд эдийн засгийн хэд хэдэн томоохон салбарт үйл ажиллагаа хумигдаж, худалдаа, арилжааны дэлхий нийтийн сүлжээнд доголдол үүснэ гэж үзсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дэлхийн олон орон эдийн засгийн бодлогоо өөрчилж эхэлнэ гэж тус судалгааны байгууллага таамаглаж байна. Тус байгууллагаас гаргасан судалгаанд “Ковид-19” цар тахлын эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөг судлахдаа цар тахлын нөлөөнд шууд өртөж, үйл ажиллагаа нь хумигдах салбар болон бусад салбар гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан судалжээ. 


Цар тахлын шууд нөлөөнд өртсөн салбарууд гэдэгт засгийн газраас авч буй захиргааны арга хэмжээний үр дүнд үйл ажиллагаа зогссон, хумигдсан агаарын тээвэр, ачаа тээвэр, аялал жуулчлал, зочид буудал, жижиглэн худалдааны салбар зэрэг багтаж байна. “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дараа эдийн засагт үзүүлэх нөлөөг дараах хоёр бүлэгт хувааж үзжээ: 


-    Эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарласнаас үүдэн гарах нөлөө 
-    Хүлээлт ба харилцаанд гарах өөрчлөлтийн нөлөө 


Эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарласнаас үүдэн гарах нөлөөг тооцоолоход харьцангуй хялбар, тухайлбал ресторан, зоогийн газруудыг хаах, агаарын тээврийг зогсоох зэрэг нь эдгээр салбарын эрэлт, үйлдвэрлэлд уналт авчирна, улмаар энэ уналтын бусад салбарт үзүүлэх нөлөөг нөөц ашиглалтын хүснэгт ашиглах замаар тооцож болно. 


Эдийн засгийн үйл ажиллагаанд гэнэтийн уналт бий болсон, цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ цаг үед эдийн засгийн нэгж бүр урьдчилан сэргийлэх буюу хөрөнгө оруулалт хийхээс татгалзах, хэрэглээгээ хязгаарлах зэрэг арга хэмжээ авч болзошгүй. Ийнхүү цар тахлын улмаас тус улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, бий болох нөхцөл байдлыг дараах гурван хувилбараар тооцжээ. Үүнд:
•    Хувилбар 1.    “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төгсгөлд агаарын тээвэр, зочид буудал, хоол үйлчилгээний салбар, аялал жуулчлалын агентлагууд, шоу бизнес, спорт урлагын болон амралт зугаалгын салбарт иргэдийн эрэлт буурч, экспортын хэмжээ 80 хувь хүртэл буурах таамаг. Эдгээр салбарыг дагаад худалдан авалт буурах, бэлэн хувцас, шатахуун, компьютер, цахилгаан бараа, автомашин худалдаа, засвар үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа зэрэг салбараас үйлчилгээ авах иргэдийн эрэлт 30 орчим хувиар бууна гэж таамаглаж болно. Харин эмийн сан, утас харилцаа холбооны үйлчилгээ авах иргэдийн эрэлт болон экспортын хэмжээ 20 хувь нэмэгдэх магадлалтай гэж тооцож болно. Гэхдээ энэ хувилбарт нийгэм, эдийн засгийн бүх салбарт улсын төсвийн хэрэглээ, зарцуулалт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ өөрчлөгдөхгүй гэж тооцож байна.  
•    Хувилбар 2.    Хувилбар 1-т тайлбарласан таамаглал дээр нэмээд хүн амын хүлээлт дэх өөрчлөлтийн дүнд хөрөнгө оруулалтын эрэлт 20 хувь, бүх салбар дахь хэрэглэгчийн хэрэглээ болон экспортын хэмжээ 5 хувиар буурах магадлалтай нөхцөл байдал үүсэж болно. 
•    Хувилбар 3.    Хувилбар 1-т тайлбарласан таамаглал дээр нэмээд хүн амын хүлээлт дэх өөрчлөлтийн дүнд хөрөнгө оруулалтын эрэлт 10 хувь, бүх салбар дах хэрэглэгчийн хэрэглээ, экспортын хэмжээ 2.5 хувь буурах хувилбар юм. Энэ нь хувилбар 1 болон 2-ын дундах хувилбар юм. 

Хувилбар 1-т тайлбарласны дагуу зочид буудал, хоол үйлдвэрлэл, экспортын салбарт 80 орчим хувийн бууралт бий болбол ДНБ-ий хэмжээ 5,89 хувь, ажил эрхлэлт 7,81 хувь буурна. Ажил эрхлэлтийн түвшин ҮНБ-ий хэмжээн дэх бууралтаас их байгаа нь зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь хөдөлмөр их шаардсан салбар байдагтай холбоотой. Хувилбар 1 нийт 12 сар буюу 1 жил үргэлжлэхэд ДНБ-ы хэмжээ 151 тэрбум доллароор буурна гэсэн тооцоо мөн хийжээ. Өөрөөр хэлбэл, “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүнд ДНБ 18 хувь буурах эрсдэл бий болно. Харин хувилбар 2-т тайлбарласан нөхцөл байдал үүсвэл ДНБ 29 хувиар, хувилбар 3-т тайлбарласан нөхцөл байдал үүсвэл ДНБ 24 хувиар буурах таамаг дэвшүүлжээ. 


Нийгэмд бий болсон айдас, урьдчилан сэргийлэх арга хэмжээ. БНТУ-д энэхүү цар тахал нийгмийн сэтгэлзүйд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг мөн судалж үзжээ. Туркийн Сэтгэл судлалын Холбооноос мэргэжлийн судлаачдын баг түүвэр судалгаа явуулж, нийт 75 мужийн 1304 иргэдээс түүврийн судалгаа авчээ. Судалгаанд 18-64 настай иргэд хамрагдсан бөгөөд цар тахлаас айсан, сэтгэлийн хямралд орж, стресстсэн иргэн олон байсан бөгөөд энэ дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна.


8. БНСВУ


Цагаан сарын өмнө буюу Вьетнам улсад тахал дэгдээгүй байсан үед Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжилтнүүдийг урьж, аюулыг хэрхэн даван туулах төлөвлөгөөний талаар ярилцсан ажээ. Халдвар тархах үед Вьетнам нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, бүсчлэх, хорио цээр гэсэн 5 стратегийн зарчмыг баримталж байв. Засгийн газар энэхүү арга хэмжээг эртнээс хэрэгжүүлсэн нь сайшаалтай юм. Эдгээр зарчмууд нь энгийн мэт санагдаж байгаа боловч цар тахлын эсрэг өнөөг хүртэл үр дүнтэй нь батлагдсан билээ.

 

Барууны орнуудын туршилтыг идэвхтэй хэрэгжүүлж, амьсгалын аппаратыг илүү ихээр бэлтгэн олон эмнэлэг барихад анхаарлаа хандуулав. Вьетнам дотоодын эрүүл мэндийн системийн давуу болон сул талыг нарийвчлан судалж үзсэний эцэст нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан өөрийн стратегиа сонгосон бөгөөд тархалтын эсрэг урьд өмнө хийгдэж байгаагүй олон арга хэмжээг өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжүүлсэн байна. Вьетнам улс мөн энэ үеэр урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор анх удаа улсын хэмжээнд хөл хориог тогтоосон. “Мэдээж тактик нөхцөл байдлаас хамааран өөрчлөгддөг, гэхдээ стратегиа өөрчлөхгүй" гэж удирдлагууд үзсэн. 


Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук “Ковид-19” тахлын халдварын тархалтыг улсын хэмжээнд цар тахал дэлгэрлээ гэж албан ёсоор зарласнаар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Вьетнам улс даяар 15 хоногийн хөл хорио тогтоож, ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хүнс, эм авах, эмнэлэгт үзүүлэхэд тохиолдолд л гэрээс гарах, гарсан тохиолдолд хоорондоо доод тал нь 2 метрийн зай барих шийдвэр гаргажээ. 


    Өнөөдөр Вьетнамын Эрүүл мэндийн яамны удирдлагууд дэлхийн эрдэмтдийн идэвхтэй оролцоотойгоор цар тахлын үйл явцыг богиносгохоор ажилласаар байна. Вьетнам улс энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж байна. Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) санал болгосон хэмжээнээс нэг шат дээгүүр байх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж, цар тахлын эсрэг тэмцэлд улс төрийн бүх тогтолцоо, нам, бүх ард түмэн, арми нэгдээд байна.


    Вьетнам бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд армийг дайчилдаг цөөн улсуудын нэг бөгөөд гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусгаарлах байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд цэрэг армийг дайчилсан нь маш оновчтой шийдэл болсон гэж Эрүүл мэндийн яамны судлаачдын баг нь дүгнээд байна.  


    Тус урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, бүсчлэх, таслан зогсоох стратегиудыг баримталж, тууштай хэрэгжүүлдэг гол стратегиа болгожээ. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, технологийг тасралтгүй туршиж байна. Тодруулбал, Вьетнам нь SARS-CoV-2 вирусийг өсгөвөрлөж, туршилтын био бүтээгдэхүүнийг судлах, үйлдвэрлэх, эмнэлгийн хэрэгсэл, хангамжийг идэвхтэй үйлдвэрлэх, мөн ард иргэдийг амжилттай тусгаарласан цөөхөн орны нэг юм. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр мэдээллийн технологийг нэвтрүүлж (мөрдөх, хянах, хянах, мэдээлэх, дэмжих гэх мэт) байна. Эдгээр бүх арга хэмжээ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. 


    Ялангуяа ард иргэдийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хянах талаар сурталчлах ажилд харилцаа холбооны хүч, сүлжээний операторуудыг өмнө байгаагүй хэмжээгээр ашиглаж, ил тод байдлын үүднээс өвчний чиглэл, удирдлага, урьдчилан сэргийлэх, хянах гэх мэт бүхий л мэдээллийг, тархвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон нийтэд хурдан дамжуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхий сайдын нийгмийн тусгаарлалтыг хэрэгжүүлэх 16 дугаар зааврыг чандлан биелүүлэхийг хүмүүст сурталчлах ажлыг үргэлжлүүлснээр иргэд өөрсдийгөө өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэддэг болох нь өвчнөөс хамгаалах нэн чухал явдал юм. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж болзошгүй хуурамч цуурхлыг арилгаж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журам зөрчсөн үйлдлүүдийг хатуу хянах, ингэснээр "цахимаар дайсантай тэмцэхийн" оронд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд цаг хугацаа, хүчээ зарцуулж чадна гэж үзэж байна.


Цар тахлын үед Вьетнам улс хүн ам ихтэй, Хятадтай хил залгадаг нь өндөр эрсдэлтэй байсан боловч тохиолдлын тоогоор дэлхийд 103-т бүртгэгдэж, эндэгдэл гараагүй байна. Энэхүү амжилтыг хадгалж байгаа Вьетнам нь өвчний эрсдэлийг урьдчилан таамаглаж, "тохиолдохгүй байхын тулд хамгийн муу хувилбарыг урьдчилан харах хэрэгтэй" гэсэн уриа дэвшүүлжээ. Өнөөг хүртэл тохиолдлын тоо таамаглаж байснаас бага байгаа нь Вьетнам тархалтыг маш сайн эсэргүүцэж байсныг нотолж байна. 


Австралийн профессор, вьетнам судлаач Карл Тайер  хэлэхдээ “Вьетнамын бусад орнуудаас ялгагдах хамгийн том ялгаа нь халдвартай хүмүүсийг тусгаарлаж, өвчтэй хүмүүстэй харьцах хянах тал дээр эрт, шийдэмгий арга хэмжээ авч ажилласан явдал юм. Вьетнам бол харьцангуй дэг журамтай, эмх цэгцтэй нийгэм. Мэдээлэл, харилцаа холбооны яам нь үймээнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн талаарх зөвлөмж, мэдээллийг цаг тухайд нь байнга гаргаж, олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээтэй эрчимтэй тэмцэж байна” гэж дүгнэжээ. 


Үүний зэрэгцээгээр Ханойн өвчин судлалын төвийн дэд захирал, доктор Нгуен Ти Киеү Ань /Nguyen Thi Kieu Anh/-ийн үзэж байгаагаар “Иргэд Засгийн газрын шийдвэрт итгэдэг тул Вьетнамын Засгийн газар “Ковид-19” цар тахлыг таслан зогсоохоор хатуу арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ маш сайн өгч байна. Мөн энэ нь ил тод мэдээллийн бодлоготой ч холбоотой. Вирусийн тархалтыг зогсооход ард түмний дэмжлэг маш чухал. Иргэд Засгийн газрын бодлогыг үл тоомсорловол вирус тархах болно” хэмээн мэдэгдсэн байна. 
Вьетнамын ард түмэн төр засгаасаа гаргасан шийдвэрийг сайтар баримталж байгаа ч Засгийн газраас “Ковид-19” тахлын нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа байлгах зорилгоор чиглэл өгч Ханой хотын Хууль зүйн газраас дараах тохиолдолд мөнгөн торгууль, хуулийн шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:  
-    Олон нийтийн газар маск зүүгээгүй бол 13 ам.доллар, 
-    Ашигласан маскаа гудамжинд хаявал 212-300 ам.доллар, 
-    Эрүүл мэндийн байдлаа нуусан бол 85 ам.доллар,
-    Эрүүл мэндийн байдлаа нуун дарагдуулж, “Ковид-19” вирусийн халдвар тараасан тохиолдолд Вьетнамын Эрүүгийн хуулийн “Аюултай халдварт өвчин тараах” 240 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, 
-    Халдварт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулсан тохиолдолд 850 ам.доллар, 
-    Олон нийтийн газар үйл ажиллагаа эрхэлж буй ААН 425-850 ам.доллар, 
-    Халдварт бүсэд эмнэлгийн хяналт, аюулгүй байдлын талаарх засаг захиргааны зааврыг дагаж мөрдөөгүй иргэнийг 850 ам.доллароор, 
-    Хорио цээрийн бүсээс зугтах, хорио цээрийн дүрмийг зөрчих, хорио цээрийн дэглэмээс татгалзсан эсвэл зайлсхийсэн иргэнийг 425 ам.доллароор торгох. Хэрэв тэдний үйлдэл нь бусдад халдвар тараасан бол Эрүүгийн хуулийн 240 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх, 
-    “Ковид-19” халдварын талаар хуурамч мэдээ нийтэлсэн тохиолдолд Захиргааны хуулийн 288 дугаар зүйлийн “Компьютерын сүлжээ, эсвэл харилцаа холбооны сүлжээг хууль бусаар ашиглах” заалтын дагуу 640 ам.доллар хүртэлх торгууль эсвэл 7 жилийн хорих ял эдлүүлэх,
-    Баар, диско, караоке баар, массажны газар, гоо сайхны салон гэх мэт үйлчилгээний газрууд түр хаах тушаалыг үл харгалзан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 4300 ам.долларын торгууль, эсвэл Эрүүгийн хуулийн 295 дугаар зүйлийн дагуу шийтгэх,
-    Тахал өвчний үед барааны хомсдолыг ашиглах, эсвэл хиймэл хомсдол үүсгэсэн иргэн, ААН-ийг бараа бүтээгдэхүүний үнээс хамаарч захиргааны торгууль ногдуулж, Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйлийн дагуу хорих хүртэлх ялаар шийтгэх зэрэг болно.
2020 оны 4 дүгээр сарын 22-ны байдлаар Вьетнамд “Ковид-19”-ийн халдвараар 268 хүн өвчилж, үүнээс 144 хүн эдгэрсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй, тусгаарлалтад 80 гаруй мянган хүн байна.

9.Казахстан


Шинэ короновирус (Ковид-19)-ийн тархалт нь Төв Азийн орнуудад дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хожуу буюу анхны тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 14-ээс бүртгэгдэж эхэлсэн. Туркменстан, Тажикстан улсуудад “Ковид-19” вирус өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байна.


2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шинэ короновирус нь Бүгд Найрамдах Казахстан Улсад нийт 802 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барж, 60 хүн эдгэрсэн байна. Тус улсад анхны тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 14-нд бүртгэгдсэн. Нийт 16 аймаг мужид батлагдсан короновирусийн тархалтыг авч үзвэл Нур-Султан хотод 226, Алматы хотод 122, Кызылорда мужид 104, Акмола мужид 61, Караганды мужид 61, Түркистан мужид 34, Баруун Казакстан мужид 25, Актөбе мужид 11, Алматы тосгонд 10, Атырау мужид 45, Дорнод Казакстан мужид 6, Жамбыл мужид 45, Шымкент хотод 31, Хойд Казакстан мужид 6, Костанай мужид 3, Мангыстау мужид 9, Павлодар мужид 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Казахстаны Засгийн газраас Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэх хүртэл вирусаас урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ аваагүй учраас зөвхөн хагас сарын хугацаанд тус улсад 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 


Энэ байдалд дүгнэлт хийн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Биотехнологийн Үндэсний төв (National Centre of Biotechnologies) болон Биологийн Аюулгүй Байдлын Асуудлыг Судлах Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэнд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зочилж, короновирусийн эсрэг вакцины судалгаа шинжилгээний ажлыг нарийвчлан судлах, цаашид эрдэмтэн судлаачдад вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгоод байна. 


Биологийн Аюулгүй Байдлын Асуудлыг Судлах Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэн нь (Scientific Research Institute of Biological Safety Problems) Үндэсний Биотехнологийн төвтэй хамтран Коронавирусийн эсрэг вакциныг боловсруулж эхэлсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр, одоогоор Коронавирусийн эсрэг 54 төрлийн  вакцин туршилтын шатанд явагдаж байна. Түүнээс зөвхөн хоёр вакциныг эмнэлзүйн клиник туршилтанд ашиглаж эхэлсэн. Судлаачдын боловсруулж буй вакцины дийлэнх хувийг вирусийн вектор эсвэл субунит вакцинууд, генийн инженерчлэлээр хийгдэж байна. Дэлхийн вирус судлаачид дээрхи технологийг ашиглаж байна. Казахстаны эрдэмтэд ч дээрх дэвшилтэт технологийн аргачлалыг ашиглан Коронавирусийн эсрэг 4 төрлийн вакциныг боловсруулахаар төлөвлөж байна. Үүнээс 2 нь векторын вакцин, нөгөө 2 нь дэд вакцин юм. Казахстаны вирус судлаачид дээрх 4 төрлийн вакцин нь эмнэлзүйн өмнөх болон клиник туршилтууд нь хамгийн үр дүнтэй, хамгийн аюулгүй вакцин болох болно гэж үзэж байна.

 

ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост гадаад ажилчид туссан баймаар гэтэл чимээгүй байгаа. Туссан ч баригдахаас айгаад эмнэлэгт очдоггүй шинжилгээ өгдөггүй гэж л бодохоос тэр олон гадаад ажилчид 1 нь ч тусаагүй гэж юу л бол монголд эргэж очсон хүмүүс корона илэрсэн. Тэхээр гадаад ажилчид дунд нь тарчихсан гэсэн үг
2020-04-24